Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп, Эрдоган нар утсаар ярьсны дараа АНУ-ын цэргийг Сириэс гаргахаар болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цэргээ Сириэс гаргах шийдвэрийг гэнэт зарласан нь холбоотнуудыг нь төдийгүй Пентагоны удирдагчдыг цочроосон явдал байлаа.

Уг шийдвэртэй санал нийлээгүй Пентагоны тэргүүн, генерал Жэймс Мэттис огцрох өргөдлөө гаргасан юм.

Трамп шийдвэр гаргах үндэслэлээ Исламын улс бүлэглэл бүрэн ялагдсан тул Сирид цэрэг байрлуулах шалтаг байхгүй болсон гэж тайлбарлаж байна.

Тэгвэл өчигдөр АНУ, Туркийн эх сурвалжуудын мэдээлснээр шийдвэр гаргахын өмнөхөн Дональд Трамп, Рэжэп Тайип Эрдоган нар утсаар ярьжээ.

Энэ ярианы үеэр Туркийн ерөнхийлөгч АНУ-ын цэрэг Сирид байх шаардлага байхгүй болсон, Исламын улс бүлэглэлийн 99 хувь устгагдсан хэмээн ятгаж байсан гэнэ. Сонирхолтой нь Трамп өөрийн зөвлөхүүдийн үгийг сонсолгүй, Эрдоганы талд орсон байна.

Үүний дараа Трамп генерал Жэймс Мэттистэй 45 минут орчим хугацаанд уулзахдаа шийдвэрээ хамгаалж, байр сууринаасаа ухраагүйг эх сурвалжууд мэдээлжээ.

Уулзалтын дараа генерак Мэттис огцрох өргөдлөө гаргасан байна.

Турк улсын эрх баригчид Умард Сирид байрлаж буй Курдын зэвсэгт бүлэглэлийг террорист байгууллага гэж үздэг. Харин Исламын улс бүлэглэлтэй тэмцэх үйлсэд АНУ-ын гол холбоотон нь Курдүүд байсан юм.

Тэгвэл АНУ цэргээ гаргаж, Сирийн Курд бүлэглэлийг дэмжихээ зогсоосноор Туркийн цэрэг тэдний эсрэг байлдааны ажиллагаа явуулах боломж бүрдэж байна.

Анкара Сирийн Курдүүдийг өөрийнх нь газар нутагт салан тусгаарлах ажиллагаа явуулдаг Туркийн Курдүүдтэй хэлхээ холбоотой гэж үздэг.

Зарим шинжээчдийн таамаглаж байгаагаар АНУ-ын сүүлчийн цэрэг Сириэс гарсны дараа Туркийн нисэх онгоцнууд Сирийн Курд дайчдын байрлалыг бөмбөгдөж эхлэх магадлал өндөр байгаа ажээ.

 

Эх сурвалж: The Guardian