Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хоолны хордлогот халдварын тоо нэмэгдэж байгааг анхаарууллаа

Г.Номин, iKon.mn
2018 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-наас өнөөдөр шинэ жилийн бэлэг, хоолны хордлого, томуу томуу төст өвчний талаар урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээлэл өглөө.

Энэ жилийн хувьд улсын хэмжээгээр хоолны хордлогот халдварын тоо нэмэгдэж байгаа бөгөөд 30-аас дээш хүнийг хамарсан хоолны хордлогууд гарч, иргэд гэдэсний халдварт өвчнөөр өвчлөн эмчлүүлж байгааг яамны мэргэжилтэн хэлсэн юм. Мөн нэг гэр бүлийн гишүүд 3-5 хүн хордлого авах тохиолдол ч нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Хамгийн сүүлд  гэхэд энэ сарын 17-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын дунд сургуулийн дотуур байрны хүүхдүүд шинэ жил тэмдэглэж, өнөөдрийн байдлаар 71 хүүхдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм байна.

Хоол үйлдвэрлэгчид буюу хүүхдийн хоол бэлтгэж буй цайны газрууд, шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулж буй үйлчилгээний газруудад технологийн горим алдагдсанаас хоолны хордлого болох эрсдэл үүсэж байгаа аж. Мөн шинэ жилийн баяр дөхөх тусам архины хордлого авах иргэдийн тоо нэмэгддэг байна. 

"Нэг уут бэлгэнд нийтдээ 300-400 грамм сахар агуулсан бүтээгдэхүүнүүд багтаж байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ жилийн баяраар хэрэглэх хүнсээ худалдан авахдаа юуг анхаарах талаар НЭМҮТ-ийн Хоол судлаач эмч н.Туул "Хүнсээ баталгаатай газраас худалдан авах, түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүнүүд болох өндөг, майонез, бялуу гэх мэтийг заавал хөргүүртэй газраас авах ёстой. Ингэхдээ сайтар шалгаж аваарай. Худалдан авах гэж буй жимс тань няцарч, бяцраагүй, өндөгний хальс хагарч, цуураагүй, ямар нэгэн бохирдолгүй байхаас гадна хугацааг маш сайн шалгах хэрэгтэй. Мөн шилтэй болон лаазалсан бүтээгдэхүүн таг болон бусад хэсгээрээ овойсон байгаа эсэхийг шалгаарай.

Шинэ жилээр хүүхдэд өгч буй бэлгэнд сахар ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд багтсан байдаг. Нэг уут бэлгэнд нийтдээ 300-400 грамм сахар агуулсан бүтээгдэхүүнүүд багтаж байна.

Сахар их хэрэглэснээр хүүхдэд шүдний өвчлөл, хоосон илчлэг өгч таргалалт үүсгэх эрсдэлтэй. Тиймээс хүүхдийнхээ бэлгэнд аль болох эрдэс бодис амин дэмээр баялаг хүнсний бүтээгдэхүүнийг багтаагаарай гэж хэлмээр байна" гээд бэлгэндээ сүү, сүүн бүтээгдэхүүн, цэвэр жимсний шүүс, жимс гэх мэтийг багтаахыг зөвлөлөө.

Хоолны хордлогот халдварын шинж тэмдэг маш хурдан буюу 2-6 цаг болоод илэрдэг бөгөөд ходоод гэдэс хямрах, дотор муухайрах, хэвлий аюулхайгаар базалж өвдөх, гүйлгэх, халуурах шинж тэмдэгтэй. Эдгээр шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд хандаж зөвлөгөө авах болон тус төвд очиж үзүүлэх шаардлагатайг эмч зөвлөлөө.