Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Онон голын усанд цианит натри орж, гол дагуух газар нутаг, ховор ан амьтад хордож болзошгүй байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Онон голын сав газарт 22,000 гаруй иргэн аж төрж байна. Гэтэл гурван компани алт олборлохоор үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна" хэмээн "Онон мөрөн" хөдөлгөөн, Онон голын сав газарт амьдарч буй иргэдийн төлөөлөл хэллээ.

Тэд алт олборлохоор эрхээ авсан аж ахуйн нэгжүүдийн олборлолтын үйл ажиллагааг зогсоож, эрхийг цуцлахыг шаардан өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн юм.

Тус газарт алт олборлохоор "U and B", "Айбун Тэс",  "Pigmatet mining" зэрэг компани зөвшөөрлөө авсан байна. Үүнээс "Айбун Тэс" нь 2027 он хүртэл, "Pigmatet mining" нь 30 жилийн хугацаатай зөвшөөрөл авсан байгааг Онон голын сав газарт амьдарч буй иргэдийн төлөөлөл хэллээ.

""Pigmatet mining" компани чулуун орд ашиглах зөвшөөрөлтэй бөгөөд дэлхий дахинд чулуун ордоос олборлолт хийхдээ цианит натри ашигладаг технологи түгээмэл байгаа. Тэгэхээр тус компани олборлолт явуулж эхэлбэл цианит натри Онон голын усанд орж, гол дагуух газар нутаг, ховор ан амьтад хордох эрсдэл үүснэ" хэмээн Хэнтий аймгийн Биндэр сумын ИТХ-ын дарга Э.Мөнх-Очир хэллээ.

Иргэд болон төрийн бус байгууллагын төлөөлөл нийтдээ  2,600 иргэний гарын үсгийг цуглуулж, эдгээр аж ахуйн нэгжийн алт олборлох үйл ажиллагааг цуцлахыг шаардан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад болон Өргөдлийн байнгын хороонд шаардлага хүргүүлж, 30 хоногийн дотор шийдвэрлэж өгөхийг хүсэж байгаагаа өнөөдөр мэдэгдсэн юм.