Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганцэцэг: Тооцооллоор зүрх судасны өвчлөлд манай улс маш их мөнгө зарцуулж байна

А.Намуун, iKon.mn
2018 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2015 оны Эрүүл мэндийн эдийн засгийг энэ онд тооцоолон гаргажээ. Энэхүү тооцооллыг өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс ЭМЯ болон ДЭМБ-д урьдчилсан байдлаар хүлээлгэн өглөө. 

ДЭМБ-ын зөвлөх энэхүү тооцооллыг хянаж, мэргэжил арга зүйгээр ханган эцсийн байдлаар өгөх аж. Үүний дараа үр дүнг ном болгон нийт хэрэглэгчдэдээ түгээнэ гэв.

ЭМЯ-ны бодлого зохицуулалтын газрын дарга Р.Оюунханд "Өмнө нь 2017 онд 2003-2014 оны тооцоог бид 

  • Эрүүл мэндийн санхүүжилтийн эх үүсвэр
  • Эрүүл мэндийн байгууллага
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн 3 ангиллаар тооцон танилцуулж байсан.

Өнөөдөр 2015 оны Эрүүл мэндийн эдийн засгийн тооцоог ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хийж дуусгаж байна. Ингэснээр дэлхийд 2015 оныхоо тооцоог гаргаж чадсан 21 дэхь орон болж байгаа юм. Бүх улс орон энэхүү тооцооллыг цаг үетэй нь уялдуулан хийгээд явж чаддаггүй. 

Цаашид бодлогын баримт бичгүүд боловсруулахад ашиглах маш үр дүнтэй сайн тооцоолол болсон гэж үзэж байна" гэлээ.

"Дэлхий нийт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарч байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирал Д.Ганцэцэг "Дэлхий нийт өвдсөн хойно нь биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарал хандуулж байна. 

Манай ЭМЯ ч мөн адил энэ чиглэл рүү анхаарал хандуулж, нийгмийн эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг оноос онд нэмж байгаа. Өнөөдрийн байдлаар нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, хавдар, гадны буюу осол гэмтлийн шалтгаанууд орж байна.

Ялангуяа, зүрх судасны өвчлөлд манай улс маш их мөнгө зарцуулж байгаа. Энэ ч утгаараа ЭМЯ, ДЭМБ-тай хамтран ажиллаж, 2015 оны эрүүл мэндийн эдийн засгийн тооцооллыг гаргалаа.

Энэхүү тооцоолол нь эрүүл мэндийн байгууллагад ямар мөнгө орж ирж, хэрхэн зарцуулж байгааг харж болох газрын зураг юм.  Үр дүнг мэдсэнээр цаашдаа эрүүл мэндийн бодлогыг боловсруулахад аль чиглэлийг анхаарах ёстойг мэдэх боломжтой" гэлээ.