Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Руандагийн геноцидоос олон хүний амийг аварсан баатарлаг эмэгтэй 106 насандаа таалал төгсжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагт Сула Карухимби гуай насаараа амьдарсан төв Африкийн Руанда улсын Мусамоин тосгонд 106 насандаа таалал төгсжээ.

Тэрээр тус улсад 1990-ээд онд болсон аймшигт хядлагын үеэр олон хүний амийг аварсан баатар гэж хүндлэгддэг юм.

1994 онд Руандагийн хүн амын хамгийн том бүлэг болох Хуту овгийнхны тэргүүлсэн засгийн газар Туци овгийнхны эсрэг геноцид ажиллагаа явуулж байв.

100 өдөр үргэлжилсэн хядлагын үеэр нийт 500,000-1,000,000 орчим хүн алагдсан гэдэг. Хэдийгээр өөрөө Хуту овгийн хүн боловч Карухимби гуай тэр үед хүмүүсийн мухар сүсгийг ашиглан 100 гаруй Туци хүний амийг аварч байжээ.

Тосгоныхoo оршин суугчдыг эмчилдэг удганд тооцогддог Карухимби гэртээ, цэцэрлэгтээ хядлагаас зугтсан хүмүүсийг нууж, тэжээж байсан юм. Харин гэрт нь нэгжлэг хийхээр ирсэн зэвсэгт этгээдүүдэд тэр гэр орон нь чөтгөр шулмын сүнсэнд эзлэгдсэн, дотогш орвол тэдэнд бариулж идүүлнэ хэмээн айлгадаг байжээ.

Тэрээр үүндээ итгүүлэхийн тулд гэртээ янз бүрийн дуу чимээ гаргадаг байсан гэнэ. Бас хортой ургамлаар цэргүүдийн арьсанд харшил үүсгэж, үүнийгээ чөтгөр шулмын хорлол хэмээн итгүүлж буцаадаг байжээ.

Карухимби гуай бүр 1960-аад оны үед мөн Руандагийн угсаатны мөргөлдөөний гэрч болж, гэр бүлийн хамт олон хүнийг аллагаас аварч байсан гэдэг. 

Түүний гэрт дан Туци хүмүүс бус , геноцидыг эсэргүүцэгч Хуту хүмүүс, Руандагийн гурав дахь угсаатан болох Тва иргэд, бас гурван цагаан арьстан эрэгтэй толгой хоргодон аврагдаж байжээ.

Сула Карухимби гуай хүмүүсийг нуун хамгаалж байсан гэртээ амьдарсаар насыг барсан байна.

 

Эх сурвалж: Quartz