Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/21-НД НИЙТЛЭГДСЭН

Банкны системд нөлөө бүхий ЗУРГААН банкны голлох ТАВАН үзүүлэлт

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 12 сарын 21
iKon.MN
Зураг зураг

2018 оны гуравдугаар улирлын банкны салбарын тайлан гарчээ. 

Монголын Банкны холбооны (МБХ) бэлтгэсэн салбарын онцлох үзүүлэлтүүдээс түүн хүргэж байна. 

Банкны салбарын нийт хөрөнгө 31 их наяд төгрөгт хүрч, өмнөх улирлаас 774 тэрбум төгрөгөөр өссөн нь ханшийн тэгшитгэлийн нөлөөгөөр бий болсон өөрчлөлт аж. Харин төгрөгөөр байршиж буй актив 20.4 их наяд төгрөг болж, өмнөх улирлаас 363 тэрбум төгрөгөөр буурчээ. 

Банкуудын зээлийн эрсдлийн сан сүүлийн хоёр улиралд огцом нэмэгдэж байгаатай холбоотой ашигт ажиллагааны хэлбэлзэл өндөртэй байна. 

Тухайлбал, 2018 оны I улиралд 58.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол II улиралд 26.3 тэрбум төгрөгийн алдагдалтай, III улиралд 9.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 2018 оны 10 дугаар сарын мэдээнээс үзэхэд зөвхөн нэг сарын дотор 243 тэрбум төгрөгийн алдагдал бүртгэсэн байдалтай байна. 

2018 оны 1-10 сарын хугацаанд банкууд эрсдлийн сангаа 650 тэрбум төгрөгөөр нэмж байгуулсан бөгөөд энэ хугацаанд өссөн дүнгээр 201 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

Ингэж эрсдлийн сангаа нэмэгдүүлсэн нь Олон Улсын Валютын Сангаас Монгол Улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн арилжааны банкуудын активын чанарын үнэлгээтэй холбоотой талаар МБХ-ны II улирлын тайланд дурдаад байсан билээ. 

Харин эрсдлийн сангийн өмнөх байдлаар 450 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байхаар харагдаж байгаа ба 2017 оны мөн үед банкуудын эрсдлийн сангийн өмнөх ашиг 310 тэрбум төгрөг байсантай харьцуулахад банкуудын эрсдлийн сангийн өмнөх үндсэн үйл ажиллагааны ашиг 40 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа.

Харин сан байгуулсан зээлүүд эргэн төлөгдөхгүй байх нөхцөл бодитоор үүсвэл банкны системийн 200 тэрбумын алдагдал бодитой болох нөхцөл үүсэх юм. 

2018 оны III улиралд чанаргүй зээлийн багц өмнөх улирлаас ялимгүй өсөж, 1,348 тэрбум төгрөгт хүрч өссөн бол ердөө нэг сарын дараа буюу 2018 оны 10 дугаар сарын эцсээр чанаргүй зээлийн багц 600 тэрбум төгрөгөөр өсөж, 1,950 тэрбум төгрөгт хүрснээр нийт зээлд эзлэх хувь 12 болж нэмэгдээд байна. 

Зээлийн чанар нэг улирлын дотор огцом муудсанаас банкны системийн зээлийн чанар нийтээрээ муудаж байгаа гэж дүгнэхээс илүү хэдэн банканд хэдэн харилцагчийн зээлийн ангилалд өөрчлөлт орсныг тодруулсны дараа дүгнэлт хийх боломжтой болно. Тухайлбал, чанаргүй зээлийн өсөлтийн бүтцээс харахад 600 тэрбум төгрөгийн чанаргүй зээлийн өсөлтийн 580 тэрбумыг аж ахуйн нэгжийн зээлийн өсөлт бүрдүүлсэн байгаа бөгөөд иргэдийн зээлийн чанар огцом муудсан үзүүлэлт ажиглагдахгүй байна.

Харин зээлийн чанарын үзүүлэлтийн өөрчлөлт (2018 оны 10 дугаар сар)-ийг салбараар ангилж үзвэл:

  • Уул уурхайн салбарын чанаргүй зээлийн багц 204 тэрбум төгрөгөөр;
  • Боловсруулах үйлдвэрийн салбарын чанаргүй зээлийн багц 80.2 тэрбум төгрөгөөр;
  • Барилгын салбарын чанаргүй зээлийн багц 96.3 тэрбум төгрөгөөр;
  • Худалдаа үйлчилгээний салбарт олгосон зээлийн чанар 71.5 тэрбум төгрөгөөр;
  • Үл хөдлөх хөрөнгийн салбарт олгосон зээлийн чанар 48.2 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

2018 онд зээлийн чанарын үзүүлэлттэй холбоотой системийн ашигт ажиллагаа буурч байгаа нь мөн өөрийн хөрөнгийн хэмжээг буурахад нөлөөлөв. 

Тухайлбал, 2018 оны 10 дугаар сарын байдлаар системийн өөрийн хөрөнгийн хэмжээ 340 тэрбум төгрөгөөр буурч, 2.8 их наяд төгрөгт хүрснээр өөрийн хөрөнгийн хүрэлцээ мөн 16 хувьд хүрч буурлаа.

2018 оны III улирлын байдлаар зээлийн эрсдлийн сан болон чанаргүй зээлийн багцын харьцаа буюу эрсдэл даах чадвар 110.7 хувь байсан бол 2018 оны 10 дугаар сарын байдлаар чанаргүй зээлийн багц өссөнтэй холбоотой 85.6 хувь болж буурсан байна.

Банкны салбарын голлох үзүүлэлтүүд:

1. Нийт актив, системд нөлөө бүхий банкууд (СНББ)

2. Цэвэр зээл, СНББ

Тайлант улиралд СНББ-уудын цэвэр зээл дунджаар 5.6 хувиар өссөний дотор ХХБ, Хаанбанк, Төрийн банк зээлээ 200 орчим тэрбум төгрөгөөр өсгөлөө. Ингэснээр арилжааны банкууд дотроос Хаанбанкны цэвэр зээл анх удаа 4.0 их наяд төгрөгт хүрч байна. Тус банкны хувьд системийн нийт зээлийн багцын ¼-г дангаараа бүрдүүлж байгаагийн зэрэгцээ зээлийн чанарын үзүүлэлтээр банкны системд хамгийн сайнд тооцогдохоор үзүүлэлттэй байна. 

3. ХАРИЛЦАХ ХАДГАЛАМЖ, СНББ

4. ЦЭВЭР АШИГ, СНББ

5. ӨӨРИЙН ХӨРӨНГИЙН ХҮРЭЛЦЭЭ, СНББ
Банкны салбарын III улирлын тайлантай бүрэн эхээр нь ЭНД дарж танилцах боломжтой.