Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын том хотуудад өнөөдөр таксины үйлчилгээ зогсоод байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Таксины жолооч нарын томоохон тэмцэл өнөөдөр зохион байгуулагдаж байгаагаас шалтгаалан Өмнөд Солонгос даяар олон хотод үйлчилгээ зогссон байна.

Сөүл болон бусад хотуудаас ирсэн 100,000 жолооч парламентын ордны өмнө цугларч аппликэшнд суурилсан Kakao Mobility таксины үйлчилгээг нэвтрүүлэхийг эсэргүүцжээ.

Шинэ төрлийн үйлчилгээ тус салбарын ажилчдыг ажил орлогогүй болгоно гэж тэд үзэж байгаа юм. 

Хэд хоногийн өмнө нэг таксины жолооч парламентын ордны гадаа өөрийгөө шатааж амиа алдсан билээ. Арав, арваннэгдүгээр саруудад болсон тэмцэлд 70,000 болон 40,000 жолооч тус тус оролцож байжээ.

Өнөөдрийн арга хэмжээ үүрийн 4 цагаас эхэлж, орон даяар 250,000 таксины жолооч 24 цагийн хугацаатай ажил хаясан байна.

Инчеон, Бусан , Дэгу орчмын таксины 90 гаруй хувь нь ажил хаялтад оролцсон талаар зохион байгуулагчид мэдээлжээ. Гадаадын жуулчид голлон үйлчлүүлдэг Жэжү аралд хүртэл энэ тэмцэл хүрсэн байна.

Орон даяар ердийн өдөрт үйлчилдэг таксины дундаж тоо өнөөдөр 30 орчим хувиар буураад байгааг Өмнөд Солонгосын тээврийн яам мэдээлжээ.

Тус улсад хамгийн өргөн хэрэглэгддэг мессэнжэр үйлчилгээг эрхлэгч Kakao компанийн такси үйлчилгээ өнгөрсөн Даваа гарагт албан ёсоор эхлэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа юм.

Уламжлалт таксины салбарынхан аппликэшнд суурилсан шинэ төрлийн бизнесийг хуулиар хориглохыг парламентаас шаардаж байна.

 

Эх сурвалж: Yonhap News