Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Мөрдөн байцаах албаныхан шинэ байрандаа орлоо

ikon.mn
2018 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2018.12.20/ боллоо.

72 жилийн түүхтэй Мөрдөн байцаах албаны хамт олны хуулиар хүлээсэн чиг үүрэг, албаны онцлогийг тусгайлан харгалзаж, албаны бэлэн байдлыг бүрэн ханган, алба хаагчийн ажиллах орчныг сайжруулах орчин үеийн дэвшилтэд техник, технологиор тохижуулсан шинэ барилгаа өнөөдөр хүлээн авч байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, сэргээн эдлүүлэх үүргээ хэлбэрэлтгүй биелүүлж буй тус албаны онцлогт тохируулан мэдүүлэг авах өрөө, гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримт хадгалах агуулах, хурдан муудах эд мөрийн баримт хадгалах хөргүүртэй өрөө, хүний хурлын танхим,  автомашины багтаамжтай дулаан зогсоол, иж бүрэн камерын системийг шийдэж өгчээ. Мөн алба хаагчдын эрүүл мэндэд анхаарч Бялдаржуулах болон Албаны бэлтгэлийн заал, хоолны заал зэргийг барьж тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн байна.
 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Өнөөдөр Мөрдөн байцаах алба маань шинэхэн байрныхаа нээлтийг хийж байна. Энэхүү барилгыг нийт найман сарын хугацаанд хийж, хүлээлгэн өгсөн барилгын компаний хамт олонд талархал илэрхийлье. Монгол хүмүүс ажлыг хариуцлагатай, хурдан шуурхай, чанартай хийж чаддаг юм байна гэдгийг энэ хамт олон харуулж чадсан. Би ХЗДХЯ-нд ажиллах хугацаандаа цагдаагийн байгууллагын хамт олныг ойрын 50-100 жилийн хугацаанд амар тайван орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлж өгөхийг зорьж ажиллаж байна.

Цагдаагийн алба хаагчид маань ар гэрээ мартчихсан, энэ нийгмийг сайн сайхан байлгахын төлөө үргэлж зүтгэдэг ийм л хүмүүс. Тиймээс Мөрдөн байцаах албаны алба хаагчдыг стандартын шаардлага хангасан байранд ажиллах ёстой хэмээн бодож, энэ барилгад нэг ч ширхэг хуучин тавилга тавиулаагүй. Мөрдөн байцаах албаны нийт залуучуудад хандаж хэлэхэд та бүхэн энэ шинэ стандартын барилгадаа нийцэж, зохицож, таарч, тэнцэж ажиллаарай гэж хэлмээр байна.

Та бүхний сэтгэл зүрх, зарчим, хариуцлагатай байдлаас Монгол төрийн, Монголчуудын хувь заяа шалтгаална. Худал хуурмаг, хуйвалдааны өмнө бууж өгч болохгүй. Гурван сая иргэний төлөө үнэн сэтгэлээсээ ажиллаарай гэж хэлмээр байна.

 

Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал “Анх 1938 онд баригдсан тоосгон ханатай модон хучилт бүхий хоёр давхар барилгыг 1956 онд гурван давхар болгон өргөтгөсөн бөгөөд Мөрдөн байцаах алба маань 1988-2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 30 жилийн турш тэрхүү гурван давхар саарал барилгадаа үйл ажиллагаагаа явуулжээ. Тэгвэл барилгын суурин дээр бид өнөөдөр 6,809 мкв хэмжээтэй орчин үеийн дэвшилтэт техник технологиор бүрэн хангагдсан шинэ байрандаа орж байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчидын ажиллах нөхцөл бололцоог сайжруулах, стандартын шаардлагад нийцсэн байрыг барьж ашиглалтад оруулахад бүх талын туслалцаа үзүүлсэн Монгол улсын Засгийн газар, ХЗДХЯ, “Билгүүн Монгол Констракшн” компани болон бусад байгууллага хамт олон талархал илэрхийлье.

Ялангуяа барилгын шавыг тавихаас эхлээд дуусах хүртэл байнга биечлэн анхаарал тавьж, зааварчилж , чиглүүлж ажилласан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танд баярласнаа илэрхийлье. Энэхүү барилга ашиглалтад орсноор Мөрдөн байцаах алба, Хар тамхитай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн алба хаагчидын ажиллах, бие бялдраа хөгжүүлэх таатай орчин бүрдэж байна. Цаашид бид иргэдийнхээ амар амгалан амьдралын төлөө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөхийн төлөө хичээн ажиллах болно.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, сэргээн эдлүүлэх үүргээ хэлбэрэлтгүй биелүүлж буй тус албаны онцлогт тохируулан мэдүүлэг авах өрөө, гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримт хадгалах агуулах, хурдан муудах эд мөрийн баримт хадгалах хөргүүртэй өрөө, хүний хурлын танхим,  автомашины багтаамжтай дулаан зогсоол, иж бүрэн камерын системийг шийдэж өгчээ. Мөн алба хаагчдын эрүүл мэндэд анхаарч Бялдаржуулах болон Албаны бэлтгэлийн заал, хоолны заал зэргийг барьж тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн байна.

 

Мөрдөн Байцаах Газрын дарга асан, цагдаагийн бэлтгэл хурандаа Д.Алтангэрэл: Өнөөдөр Мөрдөн байцаах албаныхан маань хоёр дахь шинэ гэрээ хүлээн авч байна. Мөрдөн байцаах албаны хувьд 70 орчим жил өөрийн гэсэн байргүй олон байгууллагын хаяанд үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Монгол улсын анхны ерөнхийлөгч Д.Очирбат Засгийн газарт чиглэл өгүүлснээр Засгийн газар тогтоол гаргаж, Мөрдөн байцаах байгууллагуудыг нэгтгэн 1990-ээд оны эхээр Мөрдөн байцаах алба маань айлын өрөөнөөс гарч хуучин ч гэсэн өөрийн гэсэн байртай болсон юм. Ингэснээр эдгээр алба хаагчидын маань ажилд тодорхой хэмжээний ахиц гарсан. Ажилтнуудын ажиллах нөхцөл нь ажлын үр дүнд нөлөөлдөг нь үүнээс харагдаж байсан. Тэгвэл өнөөдөр орчин үеийн шаардлага хангасан барилгад нүүн орж байгаа алба хаагчид маань илүү их урам зоригтойгоор ажиллаж, хийсэн ажил бүрийнхээ ард гарч чадна гэдэгт итгэж байна. Сүүлийн жилүүдэд төр засгаас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг идэвхижүүлэх тал дээр олон сайхан ажлыг хийж байна.  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ тал дээр их сэтгэл гаргаж ажиллаж байгаад баяртай байна. Цагдаагийн байгууллагын эрхзүйн орчин нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн зүтгэл гарган ажиллаж байгаа нийт хамт олонд талархал илэрхийлье.

 

Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хууль зүйн дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж, Хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа газар агентлагуудын удирдлага болон Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, даргын зөвлөлийн гишүүд болон Мөрдөн байцаах албаны үе үеийн удирдлага, ахмад ажилтан, алба хаагчид оролцлоо.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар