Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Феррари машинуудыг мөргөж, өрөнд орсон залууд Тайваньчууд бүх аргаар тусалж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Тайваньд нэгэн ядуу амьдралтай залуу жолооны ард зүүрмэглэж яваад гурван ширхэг Феррари машиныг мөргөж гэмтээснээр их хэмжээний өрөнд оржээ.

Гэмтсэн тансаг ангиллын машинуудыг засварлахад 12 сая тайвань доллар ($390,000) хэрэгтэй болсон байна. Энэ бол 20 настай залуугийн хувьд насаараа төлөөд ч дийлэхээргүй их мөнгө юм.

Харин энэ мэдээг сонссон нутаг нэгтнүүд нь залууд туслах хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ. Баян хоосны ялгаа улам нэмэгдэж байгаа Тайваний нийгэм уг асуудлыг маш их мэдрэмжтэй хүлээж авсан байна.

Хэдэн жилийн өмнө аав нь өвчний улмаас нас барсан Лин Чин Шиан одоо ээжтэйгээ хамт амьдардаг. Тэдний гэр бүл шашин мөргөлийн эд зүйлс зардаг жижиг дэлгүүртэй. Лин ээждээ туслахаар энэ оны эхээр сургуулиа орхисон юм байна.

Хоолны газрын шөнийн ээлжинд ажилласан Лин өнгөрсөн Ням гарагийн шөнө харьж явах замдаа үүрэглэж, зогсоол дээр байсан үнэтэй машинуудыг мөргөжээ. Машины эзэд болох хэсэг залуус энэ үед зогсоолын ойролцоо байсан гэнэ.

Лин согтууруулах ундаа хэрэглээгүй, өмнө нь дүрмийн зөрчил гаргаж байгаагүйг цагдаагийн газар мэдээлжээ. Иргэдийн туслах хүсэлт олноор ирэх болсон тул хандивын дансыг цагдаагийн байгууллага зарласан байна.

Хэдхэн өдрийн дотор 100 гаруй хандив ирсний хамгийн бага нь $4, хамгийн их нь $6,500 байгаа ажээ. Зарим хүмүүс ээжийнх нь дэлгүүрээс бараа худалдан авч, нэмэр болж байгаа гэнэ.

Мөн Линий орхиж гарсан их сургууль түүнийг эргэн ирж, суралцахыг урьсан байна. Бас зарим иргэд Феррари машины эздээс залууг өршөөж, төлбөрөөс нь хөнгөлөхийг гуйж байгаа гэнэ.

Тэд ч нааштай хандаж, төлбөрийг цувуулж авах, зарим хэсгийг даатгалын компаниар төлүүлэх арга хайж эхэлжээ.

Сарын 35,000 тайвань долларын ($1,100) цалинтай Лин хохирлыг барагдуулахын тулд амьдралынхаа 28 жилийг зарцуулахаар байгаа юм. Гэхдээ тэр өөрийн бурууг бүрэн хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулахын төлөө ажиллахаа амлаж байна.

 

Эх сурвалж: BBC