Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Талийгаач Жорж Буш нэгэн филиппин хүүд амьдралын захад хүрэхэд нь тусалжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Саяхан нас барсан АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч Жорж Буш нэгэн филиппин хүүгийн амьдралд нууцаар тусалж байсныг Compassion International хүмүүнлэгийн байгууллага анх удаа ил болгожээ.

Тус байгууллага нь ядуу буурай орны хүүхэд багачуудад баян чинээлэг орноос ивээн тэтгэгч олж өгдөг юм байна. Ерөнхийлөгч асан анх ийм буяны хөтөлбөр байдгийг 2001 онд Вашингтонд болсон зул сарын концертын үеэр мэдэж авжээ.

Улмаар тэр гэр бүлийнхэндээ ч мэдэгдэлгүйгээр Филиппинд амьдардаг долоон настай хүүгийн хоол хүнс, боловсролд тусалж эхэлсэн бөгөөд энэ хэлхээ холбоо 10 гаруй жил үргэлжилсэн байна. Энэ хугацаанд тэд хоорондоо захидлааар харилцдаг байсан ба Жорж Уолкер хэмээх нууц нэрээр харилцаж байжээ. Хүүг АНУ-ын ерөнхийлөгч асан эрхмээс тусламж авдгийг муу хүмүүс мэдвэл гай болно гэж болгоомжилж байсан гэнэ.

Тимоти нэртэй хүү 17 насанд хүрч, энэхүү тусламжийн хөтөлбөрөөс гарахдаа л хэнтэй харьцаж байснаа мэджээ.

Буш 2002 онд бичсэн анхны захидалдаа “Эрхэм Тимоти, би чамтай захидлаар харилцдаг шинэ найз чинь болох гэсэн юм. Би 77 настай хөгшин хүн. Гэхдээ би хүүхдэд хайртай. Уулзаагүй ч гэсэн хэдийнээ чамайг хайрлаад эхэлсэн байна. Би Техаст амьдардаг, үе үе чамд захидал бичиж байх болно” гэж бичсэн байна.

 

Compassion International байгууллагын тэргүүн асан Уэсс Стэффорд саяхан CNN сувагт энэ түүхийг дэлгэхдээ тэдний харилцаж байсан захидлуудыг үзүүлсэн байна.

Стэффорд 2008 онд Цагаан ордонд болсон арга хэмжээнд оролцохдоо “бага” Буштай уулзаж, эцгийнх нь буяны үйлсийн тухай анх дуулгаж байжээ. Энэ тухай сонсоод түүний эхнэр Лаурагийн нүдэнд нулимс цийлэгнэж байсан бол “бага” Буш хэсэг чимээгүй болсноо “Тиймээ, миний аав ийм л хүн” гэж хэлсэн байна.

Стэффорд “Манай дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг ямар нэг алдар нэр горьдолгүйгээр дэлхийн хамгийн ядуу амьдралтай хүүхдүүдийн нэгэнд тусалсанд би баярладаг. Тэр бидний огт мэдэхгүй, хэзээ ч мэдэж чадахгүй олон сайн үйлийг хийсэн гэж би төсөөлж байна” гэж ярьжээ.

АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч Жорж Буш өнгөрсөн сард 94 насандаа таалал төгссөн юм.

 

Эх сурвалж: BBC