Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Туслахаа зодсон ёкозуна шууд зодог тайлдаг болно

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Японы Сүмогийн Холбооны ерөнхийлөгч Хаккакү бөхчүүдийн хамт үзэгчдээс уучлал гуйж байгаа нь

Японы Сүмогийн Холбооны удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, бөхчүүдийн дунд гардаг зодооны хэргийн буруутанд хатуу шийтгэл оноох журмын төсөл танилцуулжээ.

Шинэ журмын дагуу доод эрэмбийн бөхийг буюу туслахаа зодсон ёкозуна цолтон ямар ч өчиггүйгээр зодог тайлахаар болсон байна. Харин озеки болон түүнээс доош цолтой дээд зиндааны бөхчүүд бусдын эсрэг хүч хэрэглэвэл доод тал нь нэг тэмцээн өнжих шийтгэл хүртэх ажээ.

Гэхдээ ердийн сахилгын арга хэмжээ, бэлтгэл сургуулилалтын үеэр хүч хэрэглэх тохиолдлуудыг нарийвчлан ялгаж салгахаар болсон байна. Бас үйлдсэн хэргээ түрүүлж мэдэгдэн буруугаа хүлээсэн тохиолдолд дээрх шийтгэлээс чөлөөлж байхаар журамд тусгажээ.

Өчигдөр бас Сүмогийн Холбоо “цукибито” гэгддэг туслахуудтайгаа хэрхэн зөв харилцах, тэдэнд хэрхэн анхаарал халамж тавих тухай сургалтыг нийт бөхчүүдэд зориулж зохион байгуулсан байна.

Сургалтыг зохион байгуулахад оролцсон бөхчүүдийн тэргүүн, ёкозуна Какурю туслахуудаа дэвжээний эзнээс “зээлж” авсан хүмүүс мэтээр төсөөлж, хүндэтгэлтэй харьцах, бусдын адил хүн учраас алдаж, эндэхийг нь өршөөн хэлтрүүлдэг байхыг бөхчүүдэд уриалжээ.

Сүүлийн жил гаруй хугацаанд Монголоос ирсэн бөхчүүдийн өдүүлсэн цуврал хэргүүд сүмогийн ертөнцөд дуулиан тарьж, Сүмогийн Холбооны нэр хүндийг унагаад байгаа.

Хамгийн сүүлд Монголын сүмоч Таканоива туслахаа зодсон хэрэгт холбогдож, зодог тайлахаар болсон. Өнгөрсөн оны аравдугаар сард тэр нутаг нэгт Харумафүжид зодуулж бэртсэн бөгөөд үүний улмаас Монголоос төрсөн гурав дахь ёкозуна зодог тайлахад хүрсэн юм.

 

Эх сурвалж: Kyodo News