Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины оны эцсийн уулзалт ярилцлага өнөөдөр болно

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 20
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин жил бүрийн сүүлээр хэвлэл мэдээлийн төлөөлөлтэй уулзаж, иргэдийн асуултад хариулах нүсэр ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.

Тэгвэл 2018 оны уулзалт өнөөдөр Улаанбаатарын цагаар 17:00 цагт эхлэхээр товлогджээ. Өнөөдрийн арга хэмжээ нь Путины 14 дэх удаагийн оны эцсийн уулзалт юм. Тэр ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа уламжлалт уулзалтаа завсарлаж байсан гэнэ.

Путин энэ арга хэмжээний үеэр тухайн онд улс орныхоо гаргасан ололт амжилтыг мэдээлж, ард иргэдийнхээ сэтгэл санааг засахаас гадна АНУ тэргүүтэй өрнөдийн орнуудад болон гадаад ертөнцөд өгөх мэдээллээ цацдаг.

Энэ жилийн арга хэмжээнд нийт 1,702 сэтгүүлч оролцохоор болсон нь шинэ дээд амжилт болохыг Кремлиэс мэдээлжээ. Тэдний ихэнх нь дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл байдаг. Өнгөрсөн оны уулзалтад өрнөдийн орнуудаас зөвхөн Associated Press, ABC хоёр байгууллага уригдаж байсан юм.

Уулзалтын үргэлжлэх хугацаа маш урт болдог. Хамгийн анхны 2001 оны уулзалт нэг цаг, 35 минут үргэлжилсэн нь хамгийн богино хугацаа байв. 2008 онд дөрвөн цаг, 40 минут үргэлжилж дээд амжилт тогтоож байжээ.

2004 оноос хойшх уулзалтууд бүгд дөрвөн цагаас дээш хугацаанд үргэлжилсэн байна.

Өнгөрсөн оны уулзалт дээр Путин ОХУ-ын ерөнхийлөгчийн суудалд дөрөв дэх удаагаа өрсөлдөх шийдвэрээ зарлаж байв. 2005 оны уулзалтаар тэр Зөвлөл Холбоот Улс задарсан түүхэн үйл явдлыг “20 дугаар зууны хамгийн том геополитикийн сүйрэл” хэмээн нэрлэж байжээ.

 

Эх сурвалж: ТАСС, Quartz