Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Пилжирмаа: Ээжийгээ амьдад нь архинаас татгалзах минь яав гэж харамсдаг

М.Мөнхтунгалаг, Үндэсний шуудан
2018 оны 12 сарын 20
Үндэсний шуудан
Зураг зураг

Монгол Улсын нэг хүнд ногдох архины хэмжээ 8.2 литр гэнэ. Энэ тоо 2016 онд 8.0, 2015 онд 7.1 литр байжээ. Өөрөөр хэлбэл, архины үйлдвэрлэл нэмэгдсэн нь нэг хүнд ногдох архины хэмжээ өсөхөд нөлөөлсөн байна. 2017 оны байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй спиртний ес, архины 45, дарсны 10, шар айрагны 19 үйлдвэр байна гэсэн тооцоог Үндэсний статистикийн хорооны Хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтүүд-2017 судалгаанд дурджээ. Сэтгэл сэрдхийлгэм донтох эмгэгээр хүнд өвдөж, өвчнөө анагааж чадсан Б.Пилжирмаа эгчтэй уулзах завшаан тохиов. Бид түүний яриаг уншигч танд хүргэе. 

-Сайн байна уу. Та эхлээд өөрийгөө танилцуулж болох уу?

-Намайг Б.Пилжирмаа гэдэг. Өвөрхангай аймгийн Хар хорин сумын уугуул. Худалдагч мэргэжилтэй. Залуу байхдаа мэргэжлээрээ Дархан хотын нэхийний үйлдвэрт ажилладаг байсан. Хотод 1995 онд орж ирсэн. Нийслэлд 20-иод жил амьдарч байна. Зорчигч тээврийн нэгтгэл III баазад ажилладаг. Миний хувьд их залуугаасаа архи ууж эхэлсэн. Сэтгэц зан үйлийн эмгэгтэй болоод их удсан байсан юм.

-СЭМҮТ-д эмчилгээ хийлгээд хэр удав. Ер нь өөрийн хүслээр ирсэн үү. Хэн нэгнээр “хөтлүүлж” ирэв үү?

-Миний хувьд СЭМҮТ-ийн өдрийн эмчилгээнд яваад хоёр жил болж байна. Архиныхаа асуудлыг шийдээд хоёр жил боллоо гэсэн үг л дээ. Ер нь үүнээс харахад архины асуудлыг дангаараа шийднэ гэж байдаггүй юм байна гэдгийг л их ойлгож байна. Архины хамаарлаа шийдэх хамгийн гол зам бол мэргэжлийн эмч нарын хяналтад орох, хамт олонтой болох л юм байна. Эмэгтэй хүн архи уувал айлын дөрвөн багана нурж байдаг, эрэгтэй хүн архи уухад айлын хоёр багана нурж байдаг гэж яг л үнэн юм билээ.

Манай эмчилгээнд ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь залуучууд байгаа нь харамсалтай санагдсан. 18-35 насныхан байна. Хүн архи ууж байх явцдаа “Би хэмжээндээ хэрэглэдэг. Хэзээ ч хэтрүүлдэггүй" гэж боддог. Гэтэл үгүй. Архины бүрэн хамааралтай болсноо анзаараагүй явснаа ойлгосон. Над шиг ийм байдалтай мянга мянган хүн байгаа. Тэр хүмүүст миний яриа хэрэгтэй болов уу.

-Та хэдэн жил архи хэрэглэсэн бэ. Эрүүл мэндийн хувьд ямар хохирол амсав?

-Арван жил архи уусан байна. Хүн бүхний архинд орсон, донтсон шалтгаан өер. Миний хувьд зургаан ахтай, айлын отгон охин. Амьдрал боломжтой, хангалуун учраас “Өө миний амьдрал болж байна” гэж бодоод архи уудаг байсан. Эрүүл мэндээр маш их хохирсон. Гэр бүлийнхнээ, ах дүүгээ давхар хамааралтай болгосон байна. Арьс улайж, түлэгдэхээс эхлээд өнгө зүс гундсан. Элэгний АСАТ, АЛАТ их өөрчлөлттэй гарсан. Даралт ихэсдэг байлаа.

Одоо надад өвдөх өвчин байхгүй. Архинд донтох өвчний төгсгөлийн шатанд орчихсон байснаа ойлгосон. Гэтэл архинд донтох өвчин аль хэдийн үүсчихсэн бараг төгсгөлийн шатанд орчихсон хүмүүс ч “Би архичин биш, би бараг уудаггүй хааяа нэг уучихдаг. Нэг уучихаараа л давраад олон хоногоор уучихдаг, шараа тайлдаг", “Би яахаа алдсан хүн биш, хүмүүстэй нийлж уудаггүй гэртээ ганцаараа л уудаг”. Гэх мэтээр өөрийгөө өмөөрч бусдын зөвлөгөөг үгүйсгэдэг юм билээ.

Гэтэл нэг уучихаараа л давраад олон хоногоор уучихаж байгаа бол та архины хараат байдалд орсон байна гэсэн үг. Шартдаг, шараа архиар тайлдаг бол архинд донтох өвчний дунд үед хүрсэн гэсэн үг. Асар олон хүмүүс архинд донтох өвчнөөр өвдчихсөн явж байгаа боловч түүнийгээ мэдэхгүй байна гэдэг нь хамгийн харамсалтай.

Энэ нь хүн амын дундах уг өвчний талаарх мэдлэггүйгээс болох талтай ч нөгөө талаар өөрийнхөө архины хэрэглээ арай л хэтрээд байна гэж мэддэг хэдий ч үүнийгээ үгүйсгэдгээс болдог. Үүнийг би өөрийн бие, сэтгэлээр туулсан учраас мэдэж байгаа юм.

-Одоо та эрүүл болжээ, өнгөрсөнд харамссан таагүй дурсамж байдаг уу?

-Байлгүй яахав. Миний ээж 2016 онд бурхан болсон. Ээж минь бурхан болохынхоо өмнө надад их олон удаа хэлдэг байсан. “Ээжийгээ амьдад архинаас гарчихаач” гэж гуйдаг байсан. Үүнд л их харамсдаг. Ээжийгээ сэрүүн тунгалаг байхад нь архинаас гарчихгүй дээ гэж. Аавын тухайд, миний аав бурхны орондоо залраад 10 гаруй жил болж байна. Аавыгаа амьд сэрүүн байх хугацаанд би нэг их архи хэрэглэдэггүй байсан. Ээж минь өнгөрөөд 49 хоног нь дуусахад дөрвөн хоног дутуу байхад нь архи ууж л байсан. Энэ бол миний амьдралын хамгийн том харуусал.

-Архичин хүнд уух шалтгаан мунддаггүй гэдэг?

-Сүүлийн таван жилийн хугацаанд өөрийн мэдэлгүй донтож хөл алдсан. Би хүнтэй нийлж архи уудаггүй, гэртээ, ганцаараа ууна. Ганцаардмал архичин гэх юм уу даа. Хүмүүстээ нийлж уулаа гэхэд 4-5 хоног шар тайлах нэрийдлээр уудаг байсан. Тэгээд бие муудаад өвдөөд ирэхээрээ больдог. Тэгээд л 7-10 хоногийн дараа ямар нэгэн шалтгаан гарч ирэнгүүт ууна. Шалтгаан ч мундахгүй.

Манай гэр бүлийнхэн архи битгий уугаач гэж их ч олон гуйсан. Би нэг охинтой. Миний охин АШУҮИС-д сурдаг. Нөхөр минь дулааны инженер хүн бий. Охин нөхөр хоёр маань битгий уу гээд янз бүрийн л арга чарга хэрэглэдэг байсан. Энэтхэгээс хүртэл шидэт үрэл, рашаан гээд л авчирч өгч байлаа.

-Архинаас үүдэлтэй гэр бүл дэх таны орон зай хумигдахад гутрах, биеэ татаж авах бодол төрөөгүй юү?

-Үр хүүхэд, хань ижлээсээ бүр хөндийрдөг юм билээ. Ах дүү нар минь надаас зугтдаг болсон. Тэгээд аавын минь дүү гээд дотрын эмч хүн бий. Тэр хүн надад СЭМҮТ гэх газрыг зааж өгсөн. Ингээд би энд өөрөө ирж байлаа. Энд ирэхдээ ч би архины хамааралтай гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй байсан. Өдрийн эмчилгээнд долоо хоног суугаад өөрийгөө өвджээ, сэтгэцийн хувьд архинаас хамааралтай болжээ гэдгээ мэдсэн. Түүнээс анх “Хүмүүс эмчилгээ хийлгэдэг л юм гэсэн. Архинаас гарна ч гэж байхгүй байлгүй дээ” гэсэн итгэл муутайгаар ирж байв.

-Таны хувьд архинаас гарах ёстой гэдгээ ухамсарлаад байгаа хэр нь өөрийгөө ялж дийлдэггүй байжээ. СЭМҮТ-ийн эмчилгээний арга, онцлог нь юу байв. Хоёр жилийн хугацаанд та дахиж архи хэрэглэсэн үү?

-Хүний оюун санааг л эмчилдэг юм билээ. Ухамсарт нь архины хор нөлөөг ойлгуулахаар өөрийн эрхгүй холдмоор санагдаж биеэ барьдаг. Нэг ч удаа энэ хугацаанд архи амсаагүй, сэдэл төрөөгүй.

-Гэр бүлийн харилцаанд эерэг хандлага бий болов уу?

-Охин, хань хоёр минь амгалан тайван болсон. Надад итгэдэг болсон нь хамгийн сайхан. Долоо хоногийн ням гариг бүр СЭМҮТ дээр ирж сургалтдаа сууна, бүх төгсөгчид ирж ярилцлагадаа ордог. Энэ бүхэнд их дэмждэг. Төгсөлтөөрөө нэг баг, нэг хамт олон болсон байдаг. Амарч байгаа өдрүүддээ нэг нэгнээ үгүйлнэ. Их гоё хамт олонч болсон.

-Одоо та хаана ажилладаг вэ?

-Автобус III баазад шалгагч хийдэг.

-Дахиад архи уух вий дээ, уух нөхцөл бүрдэх вий гэдгээс айдаг уу?

-Айдаг. Гэхдээ хамт олны баяр ёслол дээр очих хэрэгтэй болбол эсвэл мөнгө төгрөгийг нь өгчихөөд явдаг, үгүй бол машинтайгаа оччихоод уухгүй харьдаг.

-Таныг архи уудаг байхад нийлж дарвиж явсан найз нөхөд ямар байдлаар ханддаг вэ?

-Зарим нь чин сэтгэлээсээ баяр хүргэдэг бол нөгөө хэсэг нь “Өө энэ төрөл арилжсан. Одоо бид нарыг тоож нийлэхгүй” гэдэг. Энэ үгэнд нь нэг их эмзэглэдэггүй.

-Сайхан залуу насныхаа ихэнх он жилүүдийг архитай цуг өнгөрүүлсэндээ гэж харамсдаг уу?

-Гуч гарсан дөчин нас хүрээгүй байхаасаа архи уусан байдаг. Харамсалгүй яахав. Тэр үед би уудаггүй байсан бол өнөөдрийнхөөс ч илүү сайхан амьдрал надад байсан даа гэж халагладаг.

-Архинаас гаргах ерөндөг л гэх юм. Мэргэн түргэн хүн л гэх юм. Таны хувьд ийм зүйлд итгэж байв уу?

-Үгүй. Юунд ч итгэж байгаагүй. Оюун санааны сургалтад суусан нь миний хувьд хамгийн анхны “ерөндөг" юм даа. Түүнээс өөрт байгаа бүхнээ ломбардад тавиад мөнгө болгож уудаг байсан. Мөнгөгүй үедээ цалин хэзээ буух юм бол гэж цалингаа тэсэн ядан хүлээж уудаг байсан. Түүнээс амьдрал юу билээ, гэрт талх, будаа дуусаж байна уу үгүй юу гэдэг нь ер хамаагүй байлаа.

Архичин хүн чинь тэгээд хоол унднаас ч гарчихдаг юм. Хоол идье гэж ч бодогдохгүй. Хаанаас, яаж ганц шил юм олж уух вэ, хэн дээр очвол архи гаргах бол гэж л бодно шүү дээ.

-Архинд донтох эмгэгтэй хүмүүсийн тоо жил ирэх тусам ихсэж байгаа судалгаа байна. Айл бүрт архины хамааралтай нэг хүн заавал байна. Тэгэхээр архинаас гарах боломж байна гэдгийг та үлгэрлэж явна. Энэ төвд ирж байгаа, эмчилгээ-үйлчилгээ авч байгаа хүмүүсийн тоо дэндүү бага байна гэж миний хувьд харлаа. Тэгэхээр хүмүүс архинаас гарах сонирхолгүй байна уу, эсвэл СЭМҮТ-ийг мэдэхгүй байгаа учраа.о эмчилгээнд хамрагдаж байгаа хүмүүсийн тоо бага байна уу?

-Хүмүүс мэдэхгүйдээ ирэхгүй байгаа гэж бодож байна. Түүнээс архины асуудлаа шийдье, энэ хар уснаас гаръя гэсэн бодолтой хүмүүс маш их байдаг. Миний хувьд ах дүү, ажлынхандаа, найз нөхдөдөө энэ сургалтын талаар байнга хэлдэг. 

-21 хоногийн сургалтын цагийн хуваарийн тухайд хэлж өгөөч?

-Өглөө 9.30-13.00 цаг хүртэл хичээллэдэг. Дунд нь нэг удаа завсарлаж хоолонд ордог. Сэтгэл зүйч багш хичээл заана. Эмч үзлэг хийнэ, ярилцана. Анх ирж байгаа хүмүүст эхний гурван хоногт хордлого тайлах дусал хийнэ. В-ийн төрлийн витаминууд хийдэг.

-Архинд нэгэнт донтсон эмэгтэй хүнийг татаж авах хэцүү, эрэгтэй хүн бол бүрэн эмчлэгдэх боломж илүү гэсэн яриа бий. Та үүнтэй санал нийлэх үү?

-Эмэгтэй хүн хоёр жилийн дотор архинд гүн ордог гэж байгаа юм. Гэтэл эрэгтэй хүн таван жилийн дотор архинд гүн ордог гэж байгаа. Зөвхөн энэ хугацаан дээрээс нь л харахад эрэгтэй, эмэгтэй хүний ялгаа харагдана. Гэхдээ СЭМҮТ-ийн энэ сургалтад өөрийгөө дайчлаад 21 хоног л суучих хэрэгтэй. Би эхний гурван өдөр суучихаад ‘‘За даа, би ч ийм яриа сонсоод архинаас гарна ч гэж юу байх вэ” гэж бодоод л сууж байсан. Долоо хоногийн дараачаас эхлээд үнэхээр мэдэгддэг. Сэтгэл санаа сэргэнэ, бие хөнгөрнө. Өглөө босоход урам төрнө.

-Сард хэчнээн хүн шинээр ирж сургалтад сууж байна. Танд сургалтад хамрагдаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж, хасагдаж байгаа нь анзаарагдаж байна уу?

-Ер нь сардаа 10 гаруй хүн суудаг. Гэхдээ сүүлийн үед хүмүүс нэлээд ирж эмчлэгдэж байгаагаа хэлдэг.

Зураг