Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск хотын замын хөдөлгөөнийг 3D болгох төслөө танилцуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой Тесла, SpaceX компаниудын үүсгэн байгуулагч, тэрбумтан Илон Маск хотын замын хөдөлгөөнийг 3 хэмжээст болгох төслийн загварыг сэтгүүлчдэд танилцуулжээ.

Тэрээр өөрийн үүсгэн байгуулсан Боринг компанийн $10 саяын өртгөөр байгуулсан 1.8 км урт газар доогуур байрлах дэд бүтцийг үзүүлсэн байна.

Ийм хонгилын сүлжээг хотын газар доогуур бий болгож, автомашинуудыг 240 км/цаг хүртэл хурдаар нэг цэгээс нөгөө цэгт хүргэдэг байх гэнэ.

“Хотын түгжрэлийг шийдэх цорын ганц арга бол тээврийн системийг 3 хэмжээст болгох. Энэ бол харьцангуй энгийн шийдэл. Нобелийн шагналд тодорхойлох ч хэрэггүй” гэж Маск тайлбарлажээ.

Түүний компани Лос Анжелес хотын нэг цэгт машинуудыг газар доогуурх хонгилд хүргэх, буцааж гаргах өргөгч гарцыг байгуулсан байна. Ингэж доод ертөнцөд хүрсэн машины дугуйнд тусгай замаар зорчих шилжүүлэгч дугуйг залгах юм. Өөрөөр хэлбэл хонгилоор зорчихдоо машин тусгай төмөр замаар хурдлана.

Хонгилын систем бүрэн ажилд орвол цагт 4,000 автомашин зөөх багтаамжтай байх ажээ. Одоохондоо туршилтад зөвхөн Тесла үйлдвэрийн машинуудыг ашиглаж байгаа ба цаашдаа бусад үйлдвэрийн цахилгаан хөдөлгүүрт машинуудыг ашиглах гэнэ.

Өчигдрийн туршилтаар Маск сэтгүүлчдийг хонгилоор 65 км/цаг хурдтай аялуулж үзүүлсэн нь паркын тоглоом мэт сэтгэгдэл төрүүлж байжээ.

Хонгил нь газар хөдлөлтөд тэсвэртэйг Маск баталсан байна.

Ирээдүйд цахилгаан машинууд хотын нэг цэгээс газар доогуур орж, нөгөө цэгт богино хугацааны дараа ил гарч ирдэг байх гэнэ.

Одоо Боринг компани энэ хонгилын системийг Лос Анжелесын метроны сүлжээтэй холбох боломжийн талаар хотын захиргаатай ярилцаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: AFP