Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Швед профессор террористуудад эзлэгдсэн газар нутгаас шавиа аварсан түүх

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Профессор Шарлотт Тюрнер шавь Фирас Жумахын хамт

Сайн багш шавийнхаа төлөө бүхнийг хийдэг гэдэг. Гэхдээ Шведийн Лунд их сургуулийн аналитик химийн профессор Шарлотт Тюрнерийн хувьд ямар ч багшийн хийж чадахаас илүүг хийж чаджээ.

Түүний гайхалтай түүх саяхан Лунд их сургуулийн сэтгүүлд нийтлэгдсэн байна. 2014 онд Тюрнер профессорын удирдлага дор докторын ажил гүйцэтгэж байсан ирак оюутан Фирас Жумахд нэгэн түгшүүртэй мессэж иржээ.

Умард Иракт бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг түүний эхнэр Исламын улс бүлэг хотыг нь эзлэн авсан тухай мэдээлсэн байна. Энэ үед хөрш язиди цөөнхийн сууринд исламистууд эрчүүдийг нь хядаж, бүсгүйчүүдийг нь боол болгож байжээ.

Жумах тэр даруй эх орон руугаа буцсан байна. “Би эхний онгоцоор Ирак явсан. Тэдэнд минь ямар ч зовлон тохиолдоод байсан хамт байх нь чухал байлаа” гэж тэр ярьжээ.

Иракт ирмэгцээ тэр гэр бүлийнхэнтэйгээ хуучны хаягдсан үйлдвэрт хоргодож, хэрхэн яргачдын гараас зугтах тухай бодож эхэлсэн байна. Энэ үед Жумах багш руугаа мессэж бичиж “өөрийнх нь хувьд докторын ажлаа дуусгах найдлага тасарсан” болохыг мэдэгджээ. Энэ үед тэр багшаасаа тусламж хүсэх тухай огт бодоогүй байна.

Гэвч Тюрнер профессор түүний төсөөлж байснаас өөр хүн байжээ.

“Болж байгаа үйл явдалтай эвлэрэхийг би огт хүсэхгүй байлаа. Исламын террористууд миний ертөнцөд нэвтэрч, оюутныг маань олзлон судалгааг зогсооно гэдэг байж боломгүй зүйл тул би маш их бухимдаж байв” гэж Тюрнер дурсан ярьжээ.

Түүний судалгааны ажлыг хэн ч зогсоох ёсгүй, тэртусмаа исламистуудаар тасалдуулахыг огт хүсэхгүй байсан юм. Ингээд Тюрнер профессор сургуулийнхаа хамгаалалтын албаны дарга Пер Густафсонтой уулзаж, ямар арга хэмжээ авч болохыг зөвлөлдсөн байна. “Густафсон ийм ажил хийхээр бэлдээд хүлээж байсан хүн мэт санагдсан” гэж профессор дурссан юм.

Улмаар тэд Густафсоны боловсруулсан төлөвлөгөөний дагуу тусгай хамгаалалтын компаниас дөрвөн дайчин хөлсөлж, Ирак руу илгээхээр болжээ. Хэдхэн өдрийн дотор шүдээ хүртэл зэвсэглэсэн дөрвөн эр Жумахын гэр бүлтэйгээ нуугдаж байсан үйлдвэрт хүрч, тэднийг эзлэгдсэн нутаг дэвсгэрээс гарган Мосул хотоос холгүй Эрбилийн нисэх буудалд авч ирсэн байна.

Багшийнхаа ачаар аврагдсан Жумах Шведэд буцаж ирээд докторын ажлаа амжилттай дуусгажээ. Одоо тэр Мальме хотын эм үйлдвэрлэлийн компанид ажиллаж, гэр бүлийн хамт энх тунх амьдарч байна. Харин “шавь нарынхаа төлөө яахаас ч буцахгүй хүн” болохоо харуулсан Тюрнер профессор их сургуульдаа багшилсан хэвээр байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Navy Times