Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс энэ онд 30 гаруй сая жуулчин хүлээн авч, дээд амжилт тогтоожээ

О.Булган, iKon.mn
2018 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Япон улсын Аялал жуулчлалын агентлагийн мэдээлж буйгаар энэ онд тус улс 30 гаруй сая жуулчин хүлээн авч, түүхэнд байгаагүй дээд амжилт тогтоов гэлээ. 

Энэхүү дээд амжилт нь БНХАУ, Солонгос, Тайвань болон Хонг Конг зэрэг улсаас ирэх жуулчдын нь тоо нэмэгдсэн талаар тус агентлаг тайлбарлаж байна.

Япон улс 2017 онд нийт 28.6 сая жуулчин хүлээн аваад байсан бол энэ тоо 2018 оны сүүлч гэхэд 31 саяд хүрэхээр тооцоолоод байгаа юм.

Тэгвэл 2020 онд тус улсын нийслэл Токио хотноо болох гэж буй зуны Олимпын үеэр нийт 40 гаруй сая жуулчинг хүлээн авахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Ингэхийн тулд Японы Засгийн газар бусад улсад олгож буй визний нөхцөлөө илүү хөнгөлж, зочид буудлын хүрэлцээг нэмэгдүүлж, онгоцны буудлуудыг өргөжүүлэх зэрэг олон ажлыг одооноос гүйцэтгэж эхэлжээ.

Япон улс 2013 онд 10 сая гаруй жуулчин хүлээн авч байсан бол 2016 онд буюу хоёр жилийн өмнө 20 саяд хүрч байв.

Мөн гадны улсаас ирж буй жуулчдын тоо байгалийн гамшиг болон цаг уурын аюулт үзэгдлийн дараагаар саардаг талаар салбарын мэргэжилтнүүд дурджээ.

Тухайлбал, өнгөрөгч есдүгээр сард бусад улсаас ирсэн жуулчдын тоо тав гаруй хувиар буурсан нь Хоккайдод болсон зургаан магнитудын хүчтэй газар хөдлөлттэй холбоотой аж.

Нийт 40 гаруй хүний амийг авсан тэрхүү газар хөдлөлтийн улмаас Осака дахь Кансай олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон нь Европын бүс нутгийг холбосон гол гарц хэсэг хугацаанд хаагдахад хүргэсэн юм.

Мөн Япон улсад тохиолдож буй байгалийн гамшиг, цаг агаарын аюулт үзэгдэлд өртсөн, гадаадын олон жуулчин тус улсыг аюул, онц ноцтой байдлын үеэрх яаралтай мэдээллээ зөвхөн япон хэл дээр бус, олон хэлээр нэвтрүүлж, анхааруулах шаардлагатайг шүүмжилдэг.  

Энэхүү шүүмжлэлийн дагуу тус улсын Засгийн газар байгалийн гамшигт үзэгдэл болох үед онгоц, галт тэрэгний буудал зэрэг хүний хөл ихтэй газруудад олон хэлээр мэдээлэх системийг суулгахаар ажиллаж байгаа аж.

 

 

Эх сурвалж: Japantimes.co.jp