Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Кувейт улсын Эмир: Хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ

ikon.mn
2018 оны 12 сарын 19
iKon.MN
 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Кувейт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Сабах Халид Аль-Сабахын урилгаар 2018 оны 12 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Кувейт Улсад албан ёсны айлчлал хийв.

Сайд Д.Цогтбаатар Кувейт Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Шейх Сабах Халид Аль-Сабахтай албан ёсны хэлэлцээ хийж, талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов. Сайд нар энхтайван, тогтвортой байдлыг хангах чиглэлээр бүс нутаг, олон улсын түвшинд харилцан бие биеэ дэмжиж ажиллахаа нотлов.
 
 
 

Гадаад харилцааны сайд Кувейтийн үндэсний телевизэд ярилцлага өгч, Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор хоёр улсын хооронд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж, Монгол Улсын гадаад бодлого, эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчны талаар дэлгэрэнгүй ярилцав.

Гадаад харилцааны сайд Кувейтийн төр, Засгийн тэргүүн нарт бараалхав

 

Кувейт Улсад айлчилж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Кувейт Улсын Эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах, Ерөнхий сайд Шейх Жабер Аль-Мубарак Аль-Хамад Аль-Сабах нарт бараалхав.

Тэрбээр Кувейт Улсын Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабахын амар амгаланг айлтгаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлахын зэрэгцээ Монгол, Кувейт хоёр улс нь харилцан хүндэтгэл дээр суурилсан найрсаг харилцаатай болохыг дурдаж, бэрхшээлтэй цаг үед хоёр улс бие биедээ туслаж байсныг онцлон тэмдэглэв.

Кувейт Улсын Эмир Шейх Сабах Аль-Ахмед Аль-Жабер Аль-Сабах Монголыг дотны андаа хэмээн үздэгээ илэрхийлсэн бөгөөд хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн байна гэв.

 

Гадаад харилцааны сайд Кувейт Улсын Ерөнхий сайд Шейх Жабер Аль-Мубарак Аль-Хамад Аль-Сабах-т бараалхахдаа тус улсын Засгийн газраас Монгол Улсын түлэнхийн төв эмнэлгийн барилгыг барих, Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх буудлын шинэчлэлтийн төсөлд зориулж буцалтгүй тусламж үзүүлсэнд талархал илэрхийллээ.

Ерөнхий сайд Шейх Жабер Аль-Мубарак Аль-Хамад Аль-Сабах Монгол Улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийн төлөө байгаагаа мэдэгдлээ.

Кувейтийн иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнав

 

Сайд Д.Цогтбаатар Кувейт Улсын иргэн Бадр Аль-Байжаныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг гардуулан өгөв.

 

Эх сурвалж: ГХЯ