Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ганбат: Капитал банк хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн. Цаашид ч явуулах болно

ikon.mn
2018 оны 12 сарын 19
Сурталчилгаа

Капитал банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганбаттай цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж нийгэмд үүсээд байгаа сөрөг мэдээлэлд хариулт авлаа. Тэрбээр салбартаа танигдсан туршлагатай банкир юм. Сэтгүүлч миний бие хэн нэгнийг зөвтгөх гэсэндээ бус дээрх байгууллага, хувь хүнтэй холбоотой нийгэмд эх захгүй цацагдаад байгаа элдэв сөрөг мэдээлэлд эх сурвалжаас нь байр суурийг нь сонсож олон нийтэд мэдээллийг тэнцвэртэй хүргэхийг зорилоо.


 

- Сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр танай банктай холбоотой сөрөг мэдээлэл “онц” ихээр гарах боллоо. Банкны байгууллага харилцагч хоёрыг итгэлцэл холбож байдаг гэж үзвэл энэ их сөрөг мэдээллийн ард банк хэрхэн тэсэж байгаа нь ихээхэн сонирхол татаж байна. Сөрөг мэдээллийн урсгал үнэхээр хэрээс хэтэрлээ л гэж хэлэх гээд байгаа юм. Энэ талаар?

- Тиймээ. Банкны байгууллага иргэд харилцагчдын дунд итгэлцэл гэж их том гүүр бий. Энэ гүүр элдэв сөрөг мэдээллээс болж нурвал дан ганц банкинд бус иргэд, харилцагчид, аж ахуйн нэгж, компаниудад цаашлаад банкны системд, санхүүгийн салбарт том дүр зургаараа улс орны эдийн засагт эрсдэлтэй байдал үүснэ гэсэн үг. Нөгөө нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг зүйрлэл хэлэх гээд байгаа санаатай минь нийцтэй байна гэсэн үг.

Хаа ч очиж банкны систем санхүүгийн салбарын 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байдаг. Монгол улсын санхүүгийн салбар энэ 14 арилжааны банкны нуруун дээр явдаг гээд хэлчихэд дэгсдүүлсэн болохгүй болов уу.

- Банкны салбар харьцангуй хараа хяналт сайтай. Илүү нээлттэй, өрсөлдөөнтэй байдаг гэж ойлгодог? Сөрөг, ташаа мэдээлэлд тухай бүр сайтар хариулт өгч чадаж байгаа юу? Танай банк их хүлээцтэй байр суурин дээр байх шиг байна. Энэ нь нэг талдаа сайн ч нөгөө талдаа ташаа мэдээллийг улам газар авахуулах эрсдэлтэй?

- Өөрийн чинь хэлсэнтэй санал нэг байна. Тэр ч утгаараа энэ салбар бараг тэр чигээрээ шилэн данс тооцоотой, орсон гарсан урсгал нь ил байж байдаг. Өөрийн гэсэн хуультай. Компаний засаглал харьцангуй сайн. Хамгийн гол нь систем өөрөө эрүүл байхыг шаарддаг. Хэрвээ хэн нэгний эрүүл мэнд муудвал энэ их өрсөлдөөний талбар аандаа л шахаад гаргачихдаг нь хууль. Дээр нь нэмээд хэлэхэд банкны системын хяналт шалгалтыг Төв банк улирал, хагас жил, жил тутам зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээр шалгаж нягтлаж байдаг. Шат шатны төрийн хяналтын байгууллагууд шалгалтаар тогтмол ордог гээд бид биеэ тогтмол хянуулдаг. Үйл ажиллагаа хэвлэлээр гараад байгаа шиг хэт доголдсон, хэн нэгэн эрх мэдлээ ашиглаад ихээхэн эх үүсвэр татчихсан асуудал өнөөдөр байхгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Бид үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд, хэвийн жигд явуулж байна.

Гэхдээ мэдээж энэ их санаатай, санаагүй сөрөг мэдээллийн урсгал банкинд итгэх иргэд харилцагчдын итгэлийг бууруулж буруу ташаа ойлголт төрүүлж, эргэлзэхэд хүргэж байгаа нь өөрөө эрсдэл юм. Энэ талаар манай банкнаас харилцагчиддаа хандан албан байр сууриа илэрхийлсээр байгаа.Өнөөдрийн та бид хоёрын ярилцлага ч үүнд сайтар хариулт өгч байгаа нэг хэлбэр гэж ойлгож байна.

- Танай банкийг төрийн сангуудын мөнгийг зээлдэх замаар арилжааны асар их ашиг олоод байна гэсэн хар нийгэмд байна. Тухайлбал ЖДҮДСангийн санхүүжилтыг танай банк өөр дээрээ аваад төслийн шалгуурыг өөрсдөө хийгээд санхүүжүүлдэг юм уу. Шалгуур, журам бий юу?

- Энэ бол нийгэмд тараад байгаа асар буруу ойлголт.  Капитал банк нь Монгол Улсын Засгийн газар болон Олон улсын төсөл хөтөлбөрийн төслийн нэгжүүд, сангуудаас  сонгон шалгаруулж, баталсан жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээлийг дамжуулан олгодог билээ.

Сангуудын зээлийн тухайд уншигчидад нэг л зүйлийг сайтар ойлгуулмаар байгаа юм. Тухайлбал жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд нь төслөө холбогдох яам, сан, төслийн нэгжүүдэд өгч шийдвэр гаргуулан сонгогдсон тохиолдолд хэрэгжүүлэгч нь өөрийн харилцагч банкаа сонгон зээлээ тухайн банкаараа дамжуулан авдаг. Нийгэмд үүсээд байгаа ташаа мэдээлэл шиг банк нь аливаа төслийг өөрсдөө сонгон шалгаруулах эрх байдаггүй, “Хамтран ажиллах” гэрээний дагуу талууд нь эрх, үүргээ тодорхойлон хариуцлага хүлээж хамтран ажиллах гэрээний дагуу заасан зээлийн нөхцөл, хүүгийн хэмжээгээр л зээлийг олгодог.

Гэрээний талууд болон Монголбанк, холбогдох эрх бүхий байгууллагуудаас хяналт шалгалт тогтмол хийж төслийн зээлийн олголт, зарцуулалт, эргэн төлөлт, хүүгийн хэмжээнд хяналт тавьж ажилладаг.

- Тэгэхээр танай банкны тухайд төсөл хөтөлбөр, сангийн мөнгийг Засгийн газраас батласан зориулалтын дагуу гэрээнд заасан хүү, нөхцөлтэйгээр дамжуулан зээлдэг гэж ойлгож болохнээ. Арилжааны бүх банк сонгогдсон харилцагчийнхаа хүсэлтээр сангийн санхүүжилтийг дамжуулан олгодог гэсэн үг үү?

- Арилжааны банкууд дамжуулан зээлдүүлсэн буюу төслийн зээлийг  иргэн, аж ахуйн нэгжид тухайн төслийн эх үүсвэрийг олгож байгаа байгууллагын тогтоосон хүүгээр олгож зээлийн эрсдэлийг дангаараа хариуцан зээлийг төлүүлэн ажилласаар ирсэн. Капитал банкны хувьд ч энэ журмын дагуу үйл ажиллагаагаа явуулж, дундаас нь хүү нэмж өндөр хүүгээр олгодоггүй.

Банк болон хэн нэгэн этгээд дундаас нь ашиглах боломжгүй гэдгийг аль ч төрлийн төслийн зээл авсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүгд мэдэж байгаа.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас Капитал банкинд олгосон “Зээл, зээлийн эх үүсвэрийн төлбөр барагдуулах гэрээ”-ээр төслийн зээлүүдийг гэрээнд заасан хүү, хувь хэмжээгээр олгож байсан. Хэвлэл мэдээллээр гүтгэж байгаа шиг сангийн зээлийг хэн нэгэн этгээд өөртөө авч ашиглах боломжгүй, зээл олгох зөвшөөрөл, хүү хугацааны нөхцөлийг ЖДҮХСангаас хатуу тогтоож банктай гэрээ байгуулсны дагуу шилжүүлдэг. Тус банкаар дамжуулан зээл авсан төсөл хөтөлбөрүүд амжилттай явагдаж байна. Мөн түүнчлэн JICA, “Органик монгол”, “Тогтвортой амьжиргаа”, “Адра”, “Агро бизнес”, “Хот байгуулалтын хөгжил” гэх мэт... болон бусад төслүүд ч үүнтэй адил байдаг.

- Сэтгүүлч миний олж авсан мэдээллээр өнгөрсөн баасан гаригт ЖДҮХСангийн санхүүжилтийг дамжуулан олгосон олон банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллагууд шалгалт хийсэн байна. Гэтэл зөвхөн танай банкыг шалгаж битүүмжилсэн гэх мэдээлэл гэрлийн хурдаар тарсан. Энэ талаар?

- Тиймээ. ЖДҮХС-тай холбогдуулан тухайн сангийн эх үүсвэрээр хуульд заасан ажил үйлчилгээ үзүүлсэн арилжааны нэр бүхий 11 банкаар дамжуулан олгосон зээлүүдийг холбогдох хуулийн байгууллагаас шалгахаар болсон. Энэ дагуу манай банкны дамжуулан олгосон зээлийг ч мөн шалгасан. Гэтэл үүнийг зориуд санаатайгаар мушгин гуйвуулж Капитал банкны төв байрыг битүүмжиллээ, эрх бүхий албан тушаалтнуудыг түр саатуулах гэж байна гэх мэдээллүүдийг хэн нэгэн улс төрийн болон явцуу эрх ашгийнхаа төлөө санаатайгаар тараасан. Олон зуун мянган харилцагч, хадгаламж эзэмшигч, хамт олны эрх ашгийг хохироож, банкны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах гэсэн зохион байгуулалттай, санаатай гүтгэлэг сүүлийн хэдэн өдөр явлаа.

Дээрх худал мэдээлэлд автахгүй байхыг нийт харилцагч, хамтран ажилладаг байгууллагуудад уриалахын хамт саатуулагдсан, битүүмжлэгдсэн зүйл байхгүй, банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг албан ёсоор дахин мэдэгдэж байна.

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтийг мөн зориулалт бусаар зарцуулсан. Мөнгө эзэддээ хүрээгүй гэдэг мэдээлэл нийгэмд их явсан. Үнэхээр л ядарсан иргэд, жижиг буурай аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн мөнгийг өөр зүйлд зарчихсан юм уу?

- Тийм зүйл байхгүй. Манай банк 2004 оноос өнөөг хүртэл төрөөс иргэдэд олгож буй тэтгэвэр, тэтгэмж, халамжийн үйлчилгээг үзүүлсээр ирсэн. Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй түргэн шуурхай хүргэх, төрийн бодлогыг тууштай дэмжих хүрээнд Улаанбаатар хот, хөдөө орон нутгийн 161 хорооны 39 мянган иргэдэд тэтгэвэр, 130 хорооны 241 мянга гаруй иргэдэд халамжийн үйлчилгээг үзүүлсэн.

Капитал банк, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам түүний харъяа Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Сантай хамтран бага орлоготой иргэд, нөхөрлөл хоршоодын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, дээшлүүлэх, ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд 2007 оноос хамтран ажиллаж зорилтот бүлэгт зээлийг дамжуулан олгосоор ирсэн. 

- Ярилцлагын төгсгөлд танд хэлэх үгийг үлдээе. Асуугаагүй орхисон, харилцагчиддаа хэлмээр дамжуулмаар үг байна уу?

- Монгол улсад үүссэн эдийн засгийн хүндрэлтэй байдал, валютын ханшийн өөрчлөлт, иргэдийн худалдан авах чадвар буурсан  зэрэг нийгэм эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан төсөл хэрэгжүүлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн мөнгөн урсгал, ашигт ажиллагаа буурсан. Энэ байдал аль ч салбарт хаа хаанаа хүндрэл авчирч байна.

Энэ мэт нөхцөл байдлуудыг буруугаар мушгин гуйвуулж Капитал банкны нэр хүндэд халдсан мэдээлэлд шүлтүүртэй хандаж бидний үйл ажиллагааг үргэлж дэмжин хариуцлагатай хамтран ажиллаж ирсэн Эрхэм харилцагчиддаа ирж буй шинэ оны баярын мэндийг хүргэж ажлын арвин их амжилт хүсье.

Үндэсний хөрөнгө оруулалттай ууган арилжааны банкны хувьд Монгол улсдаа Монгол хүн, Монгол бизнесмэн, Монгол компани банкны бизнес эрхлэж байгаагаар бид үргэлж бахархаж ирсэн.Улсдаа их хэмжээний татварыг тогтмол төлж, 1500 гаруй ажлын байр бий болгож, 1994 онд анх үүсгэн байгуулагдан өдрөөс өдөрт өсөн дэвжиж буй Бишрэлт групп болон Капитал банкны хамт олныхоо нэрийн өмнөөс Монголынхоо мянган мянган өрхөд ирж буй шинэ онд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе!

Ярилцсанд баярлалаа. Танд, танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Сэтгүүлч С.Гэрэл

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.