Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын Бага хурал хайнаа хагалах уу

Ж.Баярсайхан, Үндэсний шуудан
2018 оны 12 сарын 19
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрх баригч намын Бага хурал өнөөдөр эхэлж байна. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Япон Улсад хийсэн айлчлалаа нэг хоногийн өмнө дуусгаж ирээд Удирдах зөвлөлөө хуралдуулж, Бага хурлаа товлосон. Ийнхүү яаравчлах болсон нь ямар нэгэн шинэ нөхцөл байдал үүссэн гэх мэтээс эхлээд олон хардлага дагуулж байна.

Энэ удаагийн МАН-ын Бага хурал УИХ-ын ээлжит чуулганы үйл ажиллагаа бүтэн сараар тасалдсан, УИХ-ын даргыг ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаа өгөхийг шаардсан, хотын даргыг огцруулсан, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ, Засгийн газрын гишүүд хамаарал бүхий компаниуддаа авч егсөн зэрэг дуулиантай явдлуудын дараа болж байгаагаараа онцлогтой.

Дээр дурдсан асуудлуудыг тус намын гишүүд хүссэн ч, эс хүссэн ч Бага хурал дээрээ ярьж таарна. Мөн МАН-ын хагарал намынхаа бүх шатанд яг тэхий голоороо хуваагдчихаад байгааг өнгөрсөн үйл явдлууд харуулсан. Тухайлбал, нийслэлийн МАН-ын хурлаар шинэ даргаа сонгоход Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, нийслэлийн Засаг дарга асан С.Батболдыг гурван хүний саналаар л ялж байв.

УИХ дахь МАН-ын бүлэг, бүлгийн дарга Д.Хаянхярвааг огцруулах асуудлыг хэлэлцээд эхний санал хураалт нь тэнцэж байлаа. Хоёр дахь санал хураалтаар мөн л гурван хүний саналаар огцруулсан юм.

Мөн МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хотын даргад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэхэд эхлээд тэнцсэн гэдэг. Тэгэхээр энэ удаагийн МАН-ын Бага хурлаар хайнааг хагалах уу гэсэн хүлээлт байгаа юм. Мөн намынхаа Бага хурал, Удирдах зөвлөлдөө МАН-ын дарга У.Хүрэлсүх ямар сэлгээ хийхээс их зүйл шалтгаална.

Ер нь эрх баригч намын дотоод хагарал Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулснаар ил гарсан боловч түүнээс ч өмнө нам дотроо лидерүүд нь нэг нэгнээсээ илүү гарах, нөгөөгийнхөө нөлөөг бууруулах тэмцэл явагдаж байсан нь нууц биш. Тэр нь “60 тэрбум”-ын гэгдэх бичлэг дээр У.Хүрэлсүхийн гар хөлийг хумих асуудал яригдсан, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “херо” Баатар тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүхтэй утсаар ярьсан бичлэг зэргээс харагддаг.

Талцал хуваагдал гэнэт үүсээгүй гэсэн үг. Гэхдээ 2016 оны УИХ, орон нутгийн сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан эрх баригч нам одоо л өөр зуурын эвээ олохгүй бол ирэх сонгуулиудад амжилттай оролцох боломж багасах нь ойлгомжтой. Тиймээс ч яг энэ асуудлаар өнгөрсөн өдрүүдэд УИХ дахь МАН-ын бүлгийн хуваагдсан хоёр тал төлөөллөө гаргаж хэд хэдэн удаа уулзсан.

Харин тодорхой үр дүн гараагүй гэж уулзалтад оролцсон УИХ-ын гишүүд хэлж байгаа. Ерөнхий сайд саяхан өөрийг нь огцруулах асуудлыг дэмжсэн намынхаа гишүүдтэй уулзахгүй яваа нь нүүр өгөхгүй гэж шийдсэнийх ч байж болно. Нөгөө талд өчигдөр гэхэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд төрсөн дүүдээ Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авч өгсөн тухай мэдээлэл хийж байна. Энэ бол эвлэрэх зай төдий хэмжээгээр хол байгааг харуулж буй хэрэг.

Ерөнхийдөө Бага хурлаар улс төрийн болон сонгуульт ажилд томилогдсон Бага хурлын гишүүдийг нөхөн томилох, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах болон УИХ дээр үүсээд байгаа цаг үеийн асуудлуудыг хэлэлцэхээр товлосон гэнэ. УИХ дээр үүсээд байгаа бусад асуудал гэдэгт зарим УИХ-ын гишүүнийг намаас хөөх асуудал багтсан байх талтай юм.

Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхийн урд орой МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Н.Номтойбаяр нарыг намаас хөөх шийдвэр гаргаад яг баталгаажуулахын өмнө Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болиулсан гэдэг. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр У.Хүрэлсүх “МАНАН гэж манай ард түмэн хэлээд сурчихсан.

Энэ хууль бусын пирамид, шударга бусын хана, хоолойг эвдэхийн төлөө өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийнэ. Энэ парламент дотор сууж байгаа нэлээд олон хүнтэй хариуцлага тооцно. Ёс зүйн хариуцлага тооцно, хуулийн хариуцлага ч тооцно. Надад бас цаг хугацаа байгаа гэж бодож байгаа. Нийгмийг шударга болгохын төлөө л бүгдээрээ хамтдаа тэмцье гэж би ярьсан юм.

Д.Хаянхярваа, М.Энхболд, хотын дарга С.Батболд гэж гурван хүнийг огцруулах тухай яриад Д.Хаянхярвааг огцруулсны орой энэ 27 хүн гарын үсэг зурсан. Энэ 27 хүнийг бүгдийг нь буруутай гэж үзэхгүй байгаа. Найз нөхдөө, хүн чанараа бодоод гарын үсэг зурсан хүмүүс бас байгаа” хэмээж байлаа.

Түүнээс хойш нам дотроо цэвэрлэгээ хийх нь гэсэн хүлээлт үүссэн. Харин Бага хурлаар энэ цэвэрлэгээгээ эхлэх үү, МАН-ын яг тал нь өөрийнх нь талд биш байхад түүний саналууд дэмжигдэх үү гэдэг бол асуулт юм. Түүнчлэн намын даргынхаа үгэнд орохгүй яваа гишүүдээ шударга бусын бүлэглэл гэх утгатай нэр хочтой болгоод байгаа. Хэрэв тэднийг хөөнө гэвэл намын яг ямар дүрмийг баримтлах нь эргэлзээтэй байгаа юм.

МАН-ын дүрмийн зургаадугаар зүйлийн 5-д намын гишүүнийг намаас гарсанд тооцох тухай асуудлыг зохицуулсан байдаг. Тодруулбал,

  • 6.5.1-д “Намаас УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцэн бие даан нэр дэвшсэн нам болон нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн”,
  • 6.5.2-т “Намаас сонгогдсон буюу томилогдон төрийн өндөр албан тушаал эрхэлж байх хугацаандаа авлигын гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон”,
  • 6.5.3-т “Намын бүх шатны сонгуульд нэр дэвшигч нь санал худалдаж авах үйлдэл гаргасан”,
  • 6.5.4-т “Намын албан ёсны шийдвэр буюу олонхын саналаар шийдвэрлэсэн асуудлаар энэ дүрмийн 1.5.4-т заасан зарчмыг зөрчсөн” гэжээ.

Тус дүрмийн 1.5.4-т “Намын бүх шатны байгууллага асуудлыг чөлөөтэй хэлэлцэн цөөнхийн саналд хүндэтгэлтэй хандаж, олонх нь дэмжсэн шийдвэрийг нийтээрээ дагаж биелүүлэх” гэж заасан байдаг. Эдгээрээс өөрөөр намын гишүүнээс гарсанд тооцох үндэслэл алга.

Мөн МАН-ын Бага хурлын 369 төлөөлөгч аль нэг гишүүнээ намаасаа хөөх асуудлыг шийдэх эрх мэдэлгүй юм байна. МАН-ын дүрмийн 20 дугаар зүйлд намын Бага хурлын эрх, үүргийг тодорхойлсон байдаг. Түүгээр бол Бага хурал нь намын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж батлах, намаас УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх, сонгуульд “эвсэл” байгуулж оролцох шаардлагатай гэж үзвэл хэлэлцэж шийдвэрлэх, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах санал гаргах, намын Удирдах зөвлөлийг байгуулж ажиллуулах, түүний тайланг хэлэлцэж ажилд нь үнэлэлт өгөх намын дарга, нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох гээд дандаа нэр дэвшүүлэх эрхтэй аж.

Удирдах зөвлөлийг байгуулах эрхтэй болохоор тухайлбал, нийслэлийн МАН-ын даргаар Д.Сумъяабазар сонгогдсонтой холбоотойгоор С.Батболдыг чөлөөлөх байх. УИХ-ын чуулганы үйл ажиллагааг тасалдуулж байгаа Ерөнхий сайдын талын УИХ-ун гишүүд, давхар дээлтэй Засгийн газрын гишүүдийн бойкотыг эсэргүүцэж зарим МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаа орохгүй гэдгээ мэдэгдээд байгаа.

Хэрэв намын дарга санал оруулбал тэднийг ч өөр хүмүүсээр солих эрх бий. Түүнчлэн дараагийн хотын даргын асуудлыг Бага хурлаар хэлэлцэх магадлалтай. Гадуур НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч асан Б.Мөнхбаатар, хотын орлогч П.Баярхүү нарыг нэр дэвших байх гэсэн таамаглал явж байгаа.

Хамгийн гол нь МАН-ын Бага хурлаар УИХ-ын даргыг албан тушаалаасаа буухыг шаардах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан Засгийн газар, УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудал хүчтэй яригдах байх гэсэн хүлээлт үүссэн. Хуульд зааснаар өвчний улмаас эсвэл өөр ажил албан тушаалд шилжсэн, Үндсэн хууль зөрчсөнийг нь Үндсэн хуулийн Цэцээс тогтоосон, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр баталгаажсан бол УИХ-ын дарга огцорно.

Тэгэхээр яг одоогийн нөхцөлд УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр л ажил албан тушаалаа өгөх үлдэж байна. “60 тэрбум”-ын гэх тэр бичлэг үнэн байлаа ч хэрэгжүүлсэн эсэх нь эргэлзээтэй. Намын дарга бүр сонгуулийн санхүүжилт босгох янз бүрийн уулзалтад оролцож л байдаг. Ийм шалтгаанаар огцруулбал цаашдаа буруу жишиг болж тогтох ч эрсдэл бий юм.

УИХ-ын сайн, муу гэхээсээ тэр албан тушаалд байгаа хүн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний нэг болдог. Тийм ч болохоор огцруулах асуудлыг хуульд хатуу зааж, хамгаалсан байдаг. Тэгэхээр УИХ-ын даргыг огцруулаад ард нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр яг ямар шийдвэр гаргах гээд байна гэж хардаж болно. Харин ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой гишүүдэд хариуцлага тооцож Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүнээс хасах асуудал хэлэлцэнэ.

Харин тэднийг зөвхөн намын удирдлагын бүтцээс хасах төдийгөөр хариуцлага тооцно гэвэл зарим МАН-ын гишүүдийн сэтгэл ханахгүй болов уу. Албан бус мэдээллээр Ерөнхий сайдын огцруулахгүй гэсэн талын гишүүдээс найм нь ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой байсан бол нэг нэмэгдэж ес болсон. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 гишүүнээс тав байсан бол хоёр нэмэгдэж долоо болсон гэнэ.

Хэрэв намын удирдлагаас тодорхой нэр бүхий УИХ-ын гишүүдээ намаасаа хөөх санал гаргавал зөрүүлээд ЖДҮХС-тай холбогдсон гишүүдийг намаас хөөхийг шаардаж болох юм. Эдгээр асуудал хаашаа эргэхийг өнөөдрийн МАН-ын Бага хурлын уур амьсгалаас харах үлдэж байна.

Зураг