Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

K-pop фэнүүдийн зохисгүй үйлдлээс шалтгаалан “Korean Air” шинэ торгууль бий болгожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Хонг Конгоос Сөүлийн чиглэлийн “Korean Air” компанийн онгоцонд гарсан зохисгүй явдал тус компанийг торгуулийн журмаа өөрчлөхөд хүргэсэн байна.

Бямба гарагт Өмнөд Солонгосын “Wanna One” хөвгүүдийн хамтлаг энэ нислэгээр эх орон руугаа буцаж байжээ. Гэтэл тэдний фэн болох Хятад, Хонг конгийн харъяат гурван иргэн онгоцыг нисэх хүртэл шүтдэг хамтлагийнхантайгаа хамт байхын тулд тасалбар авч орсон байна. Улмаар тэд хэргээ гүйцээснийхээ дараа хөөрөхөд хэдхэн минут дутуу байхад тасалбараа буцааж, онгоцноос буух хүсэлт тавьсан юм.

Одоогийн журмаар онгоцонд суусан зорчигч хөөрөхийн өмнө гэнэт буух хүсэлт гаргавал аюулгүй байдлын үүднээс нийт зорчигчдыг онгоцноос буулгаж, дахин шалгалтаар оруулсны дараа суулгадаг.

Тиймээс Бямба гарагийн нислэг цаг гаруй хугацаагаар саатсан байна. Тасалбараа буцааж, онгоцноос буусан гурван фэн бага хэмжээний торгууль хүлээсэн юм.

Одоогийн журмаар тасалбар аваад онгоцондоо суугаагүй буюу хоцорсон хүмүүст нислэгийн зайнаас хамааран $50-$120-ын торгууль ноогдуулдаг. Харин ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн явагсдын танхимд орсны дараа тасалбараа буцаавал төлдөг шинэ торгуулийг “Korean Air” бий болгожээ.

Өөрөөр хэлбэл аюулгүй байдлын шалгалтаар ороод онгоцонд суухад бэлэн болсон, эсвэл онгоцонд суусан хойноо тасалбараа буцаавал чиглэлээсээ хамааран $250-$350 хэмжээтэй торгууль төлөхөөр болсон байна.

Ойрын чиглэлийн нислэгүүдэд буюу Өмнөд Солонгос, Япон, Хятад, Тайвань, Улаанбаатар, Владивосток, Иркутскийн нислэгүүдэд энэ торгуулийн хэмжээ $250 байх бол Европ, Америк, Ойрх Дорнод, Африк чиглэлд $350 байхаар тогтжээ.

 

 

Эх сурвалж: Korean Air