Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэдийн эрүүл мэндийн мэдээлэл алдагдсан уу?

А.Намуун, iKon.mn
2018 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иргэдийн эрүүл мэндийн мэдээлэл алдагдсан тухай зарим хэвлэлд гарсан. Эрүүл мэндийн яамнаас энэ талаар тайлбар өглөө.

ЭМЯ-ны Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн дарга Т.Батбилэг "Эрүүл мэндийн салбар 2012 оноос эхлэн мэдээлэл, технологийн чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.

Зарим хэвлэлд БНХАУ-ын санхүүжилтээр хэрэгжиж буй "Цахим эрүүл мэнд" төсөлтэй холбоотой мэдээлэл гарсан байна. Энэ төсөл нь техник болон программ хангамж гэсэн хоёр хэсгээс бүрдсэн. Техник хангамжийн хэсэг одоогоор эрүүл мэндийн байгууллагад ашиглагдаж байгаа.

Харин программ хангамжийн хэсэг нь нэвтрүүлэлтийн үе шатдаа буюу сайжруулалт, нэмэлт ажлуудыг хийхээр төлөвлөгөөний дагуу явж байна. Ойрын хугацаанд дуусгахаар ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газар хувь хүний нууц болон эрүүл мэндийн тухай мэдээллийг хадгалж, хамгаалах асуудалд онцгой анхаардаг. Энэ ч утгаараа ЭМЯ-нд эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийг энэ онд байгуулсан. Ингэснээр эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа, хэрэгжихээр төлөвлөж байгаа системүүдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах хүрээнд холбогдох байгууллагуудтай нягт хамтарч ажилладаг.  

Цахим төсөлтэй холбоотой 48 эмнэлэг дээр одоогийн байдлаар эрүүл мэндийн мэдээлэл технологийн ажилтан тухайн системүүдийг хариуцан өдөр тутмын хадгалалт, хамгаалалтыг хянаж ажиллаж байгаа. Ямар нэгэн мэдээлэл алдагдсан зүйл байхгүй" гэв.