Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний эрхийн байгууллагууд Фэйсбүүкийн захирлуудыг огцрохыг шаардлаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүк компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг, дэд захирал Шэрил Сандбэрг нарыг тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс огцрохыг хүний эрхийн 29 байгууллага шаардаж захидал илгээжээ.

Southern Poverty Law Center, Muslim Advocates, Equality Labs, MoveOn.org зэрэг байгууллагууд Фэйсбүүк орчинд нийгмийн цөөнхийг хавчин гадуурхах явдалтай компанийн удирдлагууд тэмцэхийн оронд өөрсдийгөө хамгаалах, шүүмжлэгчид рүү хариу довтлох арга тактик хэрэглэж байгааг нь буруутгасан юм.

Тиймээс Фэйсбүүкийг “зөвхөн бодлогодоо төдийгүй мөн удирдлага зохион байгуулалтдаа том өөрчлөлт хийх цаг болсон” гэж тэдгээр байгууллагууд дүгнэсэн байна.

Өнгөрсөн сарын дундуур Нью Йорк Таймс сонин Фэйсбүүк компани өөрсдийг нь шүүмжлэгчдийн дуу хоолойг сарниулахын тулд тэднийг тэрбумтан Жорж Соростой холбоотой мэт харагдуулах зорилгоор PR компани хөлслөн ажиллуулсан тухай баримтыг ил болгосон юм.

Тиймээс өөрийн сүлжээнд үүсч буй асуудлыг шийдэхдээ тухайн салбарын мэргэжилтнүүд, байгууллагуудтай бүтээлчээр хамтран ажиллахын оронд буруу тактик хэрэглэж байгааг нь захидалд жишээ татан дурджээ.

Нью Йорк Таймсын мэдээний дараа болсон хэвлэлийн хурал дээр Марк Зукербэрг өөрийн компанийг нэр дурдагдсан PR компанитай ямар ч холбоогүй, Шэрил Сандбэргийг уг асуудалд оролцоогүй гэж мэдэгдэж байсан юм. Харин үүний дараа Фэйсбүүк компанийн олон нийттэй харилцах асуудлыг хариуцаж  байсан Эллиот Шрэйж мэдээнд дурдагдсан “Definers Public Affairs” компанитай гэрээ байгуулан ажиллаж байснаа хүлээн зөвшөөрч байв.

Захидал бичсэн байгууллагууд Зукербэрг, Сандбэрг нарыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний суудлаасаа татгалзахаас гадна зөвлөл дэх хараат бус гишүүдийн орон тоог нэмэхийг шаарджээ.

Бас “Definers Public Affairs” PR компанитай холбоотой бичиг баримтуудыг ил болгох, тус компанийн пиар ажиллагаанд хэлмэгдсэн байгууллагуудаас уучлал гуйхыг Фэйсбүүк компаниас шаардсан байна.

 

Эх сурвалж: The Guardian