Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

"2012-2016 онд 2,055 хүн амиа хорлосны хамгийн бага нь 10 настай"

А.Ням-Өлзий, iKon.mn
2018 оны 12 сарын 18
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Монголд цаг бусаар амь үрэгдэж байгаа хүний тоог жилээр нь харвал дайн байлдаантай улсынхаас ч их тоо гардаг болохыг Төрийн ордонд өнөөдөр зохион байгуулагдсан “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр дурдлаа. 

Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв. Тэрбээр “Зам тээврийн осол, хөдөлмөрийн аюулгүй байдлын осол, золгүй байдлаар амь насаа алдах, архи согтууруулах ундаанд хордох, амиа хорлох, хүчирхийлэл, бусдад хорлогдох, бусад осол гэмтэл, химийн бодисын хордлого, өвчлөл бас гадны шалтгаант нас баралтаар өдөрт дунджаар 40-45, жилд дунджаар 15-17 мянган хүн амиа алдаж байна. Гэтэл иргэний дайнтай Сири улсад оны эхний арван сарын байдлаар 18 мянга орчим энгийн иргэн, цэрэг болон босогчид амь үрэгдсэн. Бид дайны нөхцөлд амьдраад байна уу. Ийм харамсалтай байдал нь хүн амаа эрүүл, аюулгүй орчинд амьдруулах хуулиар хүлээсэн үүргээ төр биелүүлэхгүй байгаатай шууд холбоотой” гэлээ. 

Гэрэл зургийг mpa.mn

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан М.Мөнхшүр “Хүний амь нас хохирсон, амиа хорлосон, болгоомжгүйгээр хүнийг алах хэргүүд сүүлийн гурван жилд өссөн хандлага ажиглагдаж байгаа. Энэ гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөл нь ажилгүйдэл, стресс бухимдал, мансууруулах бодисын хэрэглээ, цахим орчны шууд болон шууд бус нөлөөллөөс үүдэлтэй. 

Энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад архидалдын замбараагүй хэрэглээг бууруулах, гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй хүүхдийн аюулгүй байдлыг бий болгох, хөдөлгөөний аюулгүй байдалд анхаарал тавьж чадах юм бол хүний амь нас хохирох бүрэн боломжтой гэж үзэж байгаа" гэв.  

Гэрэл зургийг mpa.mn

ЦЕГ-ын Албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт “Манай улсад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн тоо баримтаас харахад жилдээ 250-300 хүн бусдын гарт амь үрэгдэж,  300-400 хүн зам тээврийн ослоор нас барж, 2,000 гаруй хүн золгүй байдлаар амиа алдаж, 600-700 хүн амиа хорлож байна гэсэн статистик тоо байна. Энэ тоо сүүлийн жилүүдэд тогтвортой байгаа.

Үүний шалтгаан гэвэл олон хүчин зүйл бий. Хамгийн анхны хөндлөнгийн шалтгаан юу вэ гэвэл архидалт. Аливаа хүний амь хохирсон хэрэгт архи шууд болон шууд бусаар нөлөөлж байгааг судалгааны дүн харуулж байна. 

Золгүй байдлаар амиа алдаж байгаа хүний тоо өндөр байгаа. Үүнд үйлдвэрлэлийн осол, бичил уурхайнуудын асуудал зэрэг нөхцөл байдал нөлөөлдөг. Мөн өндөр барилга дээр ажиллахдаа хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг бүрэн хангаагүйгээс унаж байна, зуны цагт гол усанд амиа алдах, өвлийн цагт осгож нас барах зэрэг тохиолдлууд байна. 

Хүнээс өөрөөс нь шалтгаалсан хүчин зүйл гэж байна. Хууль эрх зүйн орчин манайд харьцангуй хөгжсөн. Хүний амь насыг хохироохгүй байхад төрийн байгууллагууд хамтарч ажиллахаас илүүтэй хувь хүмүүс, байгууллага хамт олон анхаарлаа хандуулж байх ёстой юм болов уу гэсэн зүйл ажиглагдаж байгаа. 
Манай улс 500 гаруй хуультай. Бүх чиглэлийн үйл ажиллагааг зохицуулсан байгаа” гэлээ.  

Гэрэл зургийг mpa.mn

УЕПГ-ын Гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа2012-2016 оны хооронд 2,055 хүн амиа хорлосны хамгийн бага нь арван настай хүүхэд байна.

УЕПГ-аас явуулсан судалгаанд амиа хорлосон хүмүүсийн зан төлөвийг судлахад 70 орчим хувь нь нээлттэй бус, асуудлаа бусдад ярьдаггүй, 29.3 хувь нь цочмог ууртай гэсэн дүн гарсан. Ерөнхий боловсролын сургуульд мэдлэг олгох хэт их сургалт явуулж, төлөв түвшин томоотой хүн болгож хүмүүжүүлснээс хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадваргүй болж байна. Хүүхдэд тулгарч буй асуудал, тухайлбал сургууль дээр гарсан цуу яриа, гэр бүл салалт, эцэг эх нь нас барах зэрэг нь хүүхдэд маш хүнд цохилт болдог.

Гэтэл насанд хүрэгчид эдгээр асуудалд өөрсдийн сэтгэхүйгээр хүлээн авч, асуудал биш гэж үздэг. Эдгээр асуудлыг хэрхэн даван туулахыг хэн ч зааж зөвлөдөггүй. Гэтэл дэлхий нийт хүүхдийг хүн байх, амьдралыг ойлгох, бэрхшээлийг хэрхэн даван туулах чиглэлд анхаарч байна. Манай улсад ч ийм боломж бий. Ямар нэг хууль хэрэггүй. Хүүхдийг эрсдлээс хамгаалах, аливаа асуудлыг даван туулах чадвартай болгохыг ерөнхий боловсролын тухай хуульд заасан байдаг. Энэ дагуу хөтөлбөрийн түлхүү оруулах хэрэгтэй.

Ерөнхий боловсролын сургуулиуд сэтгэлзүйчтэй байх шаардлагатай байна. Нийгмийн ажилтан бол сэтгэлзүйч биш. Хүүхэд хаана, хэнд хандахаа мэдэхгүй явсаар өнөөдөр 10, 11 настай хүүхдүүд амиа хорлох аймшигтай алхмыг сонгож байна. Энэ бол нийгмийн эмгэнэл.

Насанд хүрсэн амиа хорлосон тохиолдлын 40 хувь нь хөнгөн болон хүнд хэлбэрийн согтолттой байсан байна. Манай улсад нэг жилд нэг хүнд ногдож байгаа согтууруулах ундааны зүйл 9,3 литр байна гэж байна. Энэ бол бодох асуудал. Сэтгэл гутраад амиа хорлосон байна уу эсвэл согтсон үедээ буруу сонголт хийсэн үү гэдэг өөрөө шалгах асуудал. Гэтэл 21 хүртэлх насны хүүхдүүдийн цоо эрүүлээр энэ үйлдлийг хийнэ гэдэг яг тэр нөхцөлд маш хүнд байсан гэдгийг харуулаад байгаа юм.

Амиа хорлосон тохиолдлуудын 33 хувь нь өмнө нь амиа хорлох оролдлого хийж байсан. Нэгдсэн мэдээллийн сантай байсан бол тухай бүрт нь сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлж, амь насыг нь аврах боломж байсан. Монголчууд нийгмийн стрессээс үүссэн сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай болчихож. Өрхийн эмнэлэг, ерөнхий боловсролын сургууль, албан байгууллага гээд бүх газарт сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг газар алга. Үүнийг сэтгэцийн өвчин болох хүртэл явж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд сургуулиас нь эхлээд сэтгэлзүйч ажиллуулах, өрхийн эмнэлэг, байгууллагууд багадаа сард нэг удаа сэтгэлзүйчтэй уулзуулж, сэтгэл санааны байдлыг хянаж байх хэрэгтэй байна.

Судалгаанаас харахад амжиргааны түвшин доогуур нөхцөлд амиа хорлолт өндөр байна. Ядуурал хүмүүст, тухайн өрхөд маш хүндээр тусч байна. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн үедээ амиа хорлосон тохиолдол байсан ч нийт тохиолдлын дунд цөөн байсан. Гэхдээ энэ бол тайвшрах асуудал биш. 21-25 насны залуус хар тамхи, мансууруулах бодисоос хамааралтай болж улмаар амиа хорлосон тохиолдол бий. Бусдыг амиа хорлоход хүргэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн 17 тохиолдол байна. Харин бусдын нөлөөгүй амиа хорлосон хүмүүсийн 80 хувь нь эрэгтэйчүүд байна. Эрчүүд эмэгтэйчүүдээс 5.2 дахин их амиа хорлож байна” гэлээ.