Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарснаас хойш 10 хүүхэд гал түймэрт амиа алджээ

Б.Бадамгарав, IKon.mn
2018 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын амралт энэ сарын 22-ноос, дунд болон ахлах ангийн сурагчдын амралт 29-нөөс эхэлнэ. 

Нийслэлийн онцгой байдлын газраас нийслэлд гарч буй аюул осолд хэдэн хүүхэд өртсөнийг Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйгээс  тодруулахад, "Он гарснаас хойш ослоор 10 хүүхэд нас барж, 16 хүүхэд гэмтэж бэртсэн. Мөн гал түймэрт өртөн 10 хүүхэд нас барж, найман хүүхэд түлэгдэж бэртсэн.  Онцгой байдлын бие бүрэлдэхүүн 104 хүүхдийг болзошгүй гамшиг ослоос авран хамгааллаа. 

Удахгүй сурагчдын амралт эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор хүүхдүүд осолд өртөх эрсдэл нэмэгддэг тул эцэг, эхчүүдийг хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна. Тухайлбал, хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх, зайлшгүй шаардлагаар ах, эгчтэй нь үлдээх бол гэр орон, цахилгааны аюулгүй байдлыг хангасан эсэхээ шалгах шаардлагатай" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Өвлийн цагт гэр хороололд гал түймэр гарах нь эрсдэл өсдөг. Энэ оны эхний 10 сарын мэдээллээс үзвэл, улсын хэмжээнд объектод гарсан галын шалтгаанаар нь үзвэл:

  1. Ил задгай гал, асгасан үнс нурам (27.6 хувь);
  2. Пийшин, зуух, яндангийн цонолт  (20.04 хувь);
  3. Цахилгаан (19.1 хувь) зэрэг зонхилж байна. 

Харин энэ оны эхний 10 сарын байдлаар нийслэл хотод нийт 1,970 удаагийн гал түймэр гарч, 3.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Мөн өнөөдрийн байдлаар гал түймэрт өртөн 10 хүүхэд нас барж, найман хүүхэд түлэгдэж бэртсэн тухай дурдсан. Өнгөрсөн онд нийслэлд 60 орчим хүн гал түймрийн аюулаас амь насаа алдсаны 20 орчим нь бага насны хүүхэд байна.

Хэдийгээр галд түймэрт өртсөн хүүхдийн тоо өнгөрсөн оныхоос буурсан ч эрсдэл хэвээр буй тул хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулах шаардлагатай байна. Мөн хүүхдүүд өртөж буй өөр нэг осол нь халтирч бэртэх. Ялангуяа өвлийн цагт хүүхдүүд гулгаж тоглох нь элбэг тул хүүхдээ автозамаас хол, аюулгүй орчин тоглож байгаа эсэхэд эцэг, эх асран хамгаалагч хяналт тавьж байх нь зүйтэй юм. 

Сурагчдын амралтаар зарим өдөр өнжүүлэх төвүүд ажиллана

Сурагчдын II улирлын амралтын эхлэх гэж буйтай холбогдуулан Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор өвлийн ээлж зохион байгуулахаар болж, захиалгаа авч эхэлжээ. Захиалгыг энэ сарын 12-ны өдрөөс эхлэн www.nairamdal.mn сайтаар авч байгаа юм. Төлбөрийн хувьд хоногоос шалтгаалан 91-147 мянган төгрөг юм байна.

Мөн бага ангийн хүүхэдтэй эцэг, эхчүүдийн нэлээд хувь нь өдөр өнжүүлэх төвийг сонгодог. Тэгвэл өвлийн амралтын үеэр өдөр өнжүүлэх төвүүд ажиллах уу гэдэг асуулт нийгэмд их байгаа тул “Өдөр өнжүүлэх, хүүхэд хөгжүүлэх төвүүдийн нэгдсэн холбоо”-ны тэргүүн П.Ганцэцэгээс энэ тухай тодрууллаа. 

П.Ганцэцэг “Сурагчдын амралтын үеэр өдөр өнжүүлэхийн ачаалал багасаж, хүүхэд цөөрдөг. Тиймээс манай холбооны гишүүн төвүүдээс 10 гаруй нь энэ амралтын үеэр үйл ажиллагаагаа явуулахаар мэдээллээ ирүүлсэн. Ингэхдээ нэмэлт төлбөр авахгүйгээр бүжиг, шатар гэх мэт хүүхэд хөгжүүлэх нэмэлт хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэлээ. Үүний дээр зарим газар нэмэлт төлбөр авч бүтэн өдрийн турш хүүхдүүдийг асрах аж.

Ямартай ч сурагчдын амралт эхлэх гэж байгаатай холбоотойгоор сургуулийн насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарлаа жирийн үеийнхээс нэмэгдүүлэх шаардлагатайг мэргэжлийн хүмүүс онцолж байна.