Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цолмонбаатар: Сурагчид соронз залгих тэмцээн хэлбэрийн зүйл зохион байгуулаагүй

Г.Номин, iKon.mn
2018 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн сурагчид хоорондоо соронз залгих тэмцээн зохион байгуулсан уу гэдгийг  тус сургуулийн захирал Ц.Цолмонбаатараас тодрууллаа.

- 23 дугаар сургуулийн найман настай сурагч сургуулийн орчинд соронз залгисан талаар мэдээлэл гарсан энэ тухайд мэдээлэл өгөөч?

- Энэ мэдээлэл гарсны дараа сургалтын менежер, нийгмийн ажилтан багш нартайгаа уулзлаа. Найман настай хүүхэд гэхээр гуравдугаар ангийн сурагч байж таарна. Тиймээс сүүлийн хоёр сарын хугацаанд өвчтэй, чөлөөтэй байсан гуравдугаар ангийн бүх сурагчийн мэдээллийг шүүж, хагалгаанд орсон эсэхийг лавлан, ангийн багш нараас нь тайлбар авлаа. Ингэхэд соронз залгисны улмаас ходоод нь цоорч хагалгаанд орсон найман настай сурагч байхгүй байна.

Харин тавдугаар ангийн нэг хүүхэд арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 22:00 цагийн үед гэртээ байхдаа санамсаргүйгээр тоглоомын соронз залгиж, ЭХЭМҮТ-д хяналтад ороод тав хоносон ч соронз бүдүүн гэдсэнд нь хөдөлгөөнгүй байсан тул хагалгаанд орсон байна. Хагалгаа амжилттай болсон ямар нэгэн хүндрэл гараагүй гэдгийг аав ээж нь бидэнд өгсөн байгаа.

Сургууль дээр ангийн багш, нийгмийн ажилтан, сургалтын менежер гээд хүүхдүүдэд хяналт тавьж байдаг олон хүн бий. Энэ нөхцөлд хүүхдүүд хоорондоо тэмцээн хэлбэрийн зүйл зохион байгуулах хүртэл нь мэдэхгүй байх боломжгүй. Тиймээс ташаа мэдээлэл гарсныг залруулахад та бүхнийг хамтран ажиллана гэж найдаж байна.

Бидний зүгээс манай сургуулийн нэр гарлаа гэхээс илүүтэй энэ бол нийгэмд, хүүхдүүдийн эрүүл мэндэд аюултай үзэгдэл гэж үзэж байгаа. Тиймээс зөвхөн 23 дугаар сургууль гэлтгүй бусад сургуулиуд дээр энэ талаар мэдээлэл, сэрэмжлүүлгийг өгөх шаардлагатай гэж харж байна.

- Сургуулийн орчинд зарж болохгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гэж байдаг. Үүнтэй адил хориглодог тоглоом, орчны эрсдэлийг бууруулах талаар стандарт гэж байгаа юу?

- БСШУСЯ, НБГ, Дүүргүүдийн боловсролын газруудаас чиглэл өгч, сургуулийн ойр орчмыг эрдэлгүй орчин болгох асуудал дээр нэлээн сайн анхаарч байгаа. Өнгөрсөн хавраас эхлээд сургуулиудын захирлуудыг дүүрэг дүүргээр нь сольж, яам болон НБГ-ын мэргэжилтнүүдтэй баг болгон сургуулийн орчинд шинжилгээ хийсэн. Дотор, гадна орчинд хүүхэд гэмтэж бэртэж болзошгүй нөхцөлийг арилгаж ажилласан. Тухайлбал, сургуулийн хашааны шовх үзүүр, ил задгай хоолой, цахилгааны холболтыг цэгцлэн, халтирч гулгаж унаж болзошгүй нөхцөлийг арилгаад байна. Энэ чиглэлийн ажлууд их сайхан цэгцэрсэн гэж бодож байгаа.

Ойрын өдрүүдэд сургуулийн орчинд шинэ жилийг угтаад салют, тэсэрч, дэлбэрэх бодисын сэрэмжлүүлэг тараагдсан байгаа.

Түүнчлэн жирийн тоглоом гэсэн ойлголтын цаана хүүхдийн эрүүл мэндэд аюул учруулж болох нөхцөл байдал үүсэж байгааг харлаа. Тоглоомын соронз баттай сайн суурилагдаагүйгээс шалтгаалан хүүхдүүд соронзыг амандаа хийх, санамсаргүйгээр залгих тохиолдлууд гарсан байна. Хүүхэд л юм чинь сонирхож тоглоно. Тиймээс эрсдэл учруулж болох тоглоомоос аль болох татгалзах, эцэг эхчүүд, багш нар маань хүүхдүүддээ энэ талаар сэрэмжлүүлэг мэдээлэл өгч байх шаардлагатай байна.