Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Нарны аймгийн хамгийн алслагдсан биетийг нээснээ зарлалаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Астрономичид нарны аймгийн хамгийн алслагдсан биетийг илрүүлж, түүндээ “Farout” (алс холын) гэх нэрийг өгсөн байна.

Олон Улсын Астрономийн Холбооны дэргэдэх Жижиг Гарагийн Төв уг нээлтийг өчигдөр буюу Даваа гарагт албан ёсоор зарлажээ. “Farout” нь манай дэлхийгээс 120 астрономийн нэгжийн зайд оршдог. Өөрөөр хэлбэл дэлхийгээс нар хүртэл зайнаас 120 дахин хол гэсэн үг.

Энэ нь ойролцоогоор 17.6 тэрбум километр юм.

Уг нээлтээс өмнө хамгийн холд тооцогдож байсан биет нь 96 астрономийн нэгжийн зайд оршдог Эрис одой гараг байв. Харьцуулбал Дэлхийн ван гараг 34 астрономийн нэгж зайд оршдог. Энэ бол нарны аймгийн хамгийн захын гараг.

Хол зайд оршдог, хөдөлгөөн нь маш удаан биетийг анх илрүүлмэгцээ “Farout” гэж нэрлэсэн хэмээн Карнегийн Хүрээлэнгийн судлаач Скотт Шеппард тайлбарлаж байна.

Ийм алс хол оршдог тул тус биет нарыг тойрохдоо 1,000 гаруй жил зарцуулдаг ажээ. Шеппардын багийнхан уг одой гарагийг Хавай дахь телескопоор өнгөрсөн сард анх илрүүлсэн байна. Тэдний нээлтийг дараа нь Чили дэхь телескопоор баталсан юм.

500 км орчим диаметртэй “Farout” одой гарагийг бөмбөрцөг хэлбэртэй гэж төсөөлж байна. Мөн түүний ягаан өнгө нь мөсөөр баялаг биет болохыг харуулж байгаа гэж дүгнэжээ.

Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байна.

Астрономичид Дэлхийн вангийн чанадад оршин байгаа гэж таамаглаж буй үлэмж том хэмжээтэй “Planet X” гарагийг хайх замдаа энэхүү биетийг илрүүлсэн юм байна.

 

Эх сурвалж: Associated Press