Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

K-pop хамтлагийн фэнүүдийн тэнэглэлээс шалтгаалан олон улсын нислэг бүтэн цагаар саатжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

K-pop хамтлагийн гурван фэний “тэнэглэл”-ээс болоод өнгөрсөн Бямба гарагт “Korean Air” компанийн нислэгт саатал учирсан байна.

Хонг Конгоос Сөүл хот руу нисэх тус онгоцоор Өмнөд Солонгосын “Wanna One” хамтлагийнхан зорчих гэж байжээ.

Гэтэл тус хамтлагийн фэн болох хоёр хятад, нэг хонг конг зорчигч хамтлагийнхныг хэсэг хугацаанд ойроос харахын тулд нэгдүгээр ангиллын нэг, бизнес ангиллын нэг, ердийн ангиллын нэг суудал худалдаж авсан байснаа онгоц хөөрөхийн өмнөхөн буух хүсэлт гаргажээ.

Өөрөөр хэлбэл онгоц хөөртөл шүтээн хамтлагийнхантайгаа ойр байх нь тэдний зорилго байсан гэнэ. Зөвхөн энэ зорилгоор тэд тасалбар аваад байжээ.

Улмаар тэр гурав онгоцноос бууж, тасалбарын мөнгөө буцааж авахыг шаардаж эхэлсэн байна. Иргэний нислэгийн хууль дүрмийн дагуу онгоц хөөрөхөөс өмнө гэнэтийн шалтгаанаар аль нэг зорчигч буух хэрэгтэй болвол нийт зорчигчид бүгд бууж, дахин үзлэг шалгалтаар нэвтрэн онгоцонд суудаг ажээ.

Учир шалтгааныг онгоцны багийнхан тайлбарласан ч фэнүүд хүлээж аваагүй тул онгоцны бүх зорчигчид Хонг Конгийн олон улсын нисэх буудалд буцаж ороод дахин шалгалтаар орж, онгоцондоо суусан байна.

Үүний улмаас нислэг цаг орчим хугацаагаар саатжээ.

“Korean Air” компани гурван зорчигчийн тасалбарын мөнгийг буцааж төлснөөс гадна саатсан нислэгийн нөхөн олговрыг төлөхөд хүрсэн байна.

Өмнөд Солонгосын компани гурван фэн зорчигчийг шалгуулахаар Хонг Конгийн цагдаад хандсан боловч ганц ч зорчигч тэдний эсрэг гомдол гаргаагүй шалтгаанаар хэрэгсэхгүй болгожээ.

 

Эх сурвалж: Korea Times