Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

АН-ынхан М.Энхболдыг огцрох өргөдлөө өгөхгүй бол УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зурахаа мэдэгдлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж “УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлж байгаа. М.Энхболд дарга албан тушаалаа сайн дураараа өгч, 60 тэрбумын асуудлаар шалгуулах ёстой гэж үзэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд стратегийн ордыг авсан, концесс авсан, ЖДҮХС-гаас албан тушаалаа ашиглаж зээл авсан бүх албан тушаалтан, гишүүдэд хариуцлага тооцох тухай асуудлыг яаралтай оруулж ирэхийг шаардаж байна. Хариуцлагатай байна гэж мэдэгдэл хийсэн. Үүнийг нь шаардаж байна. Төрийн ажил гацчихаад байна. Энэ байдал удаан үргэлжлэх юм бол АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн оруулж ирсэн УИХ-ыг тараах байр сууриндаа бат суурьтай байх болно гэдгээ хэлье. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “МАН-д үүссэн хагарал зөвхөн нам доторх хагарал гэж харагдахаа больсон. Засаглалын хямрал нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч байна. 

“Өргөдлөө өгөхөд хуулийн заалт байхгүй байна“ гэсэн жижиг шалтгааныг УИХ-ын дарга хэлж байгаа. Хуулийн тэр заалтыг барихгүйгээр ёс зүйн хариуцлага хүлээж, сайн дураараа өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгөх ёстой. Хэрэв ингэж чадахгүй бол бидний хувьд Ерөнхийлөгчийн тавьсан шаардлагыг дэмжих тал руугаа явна. Төрийн ажил гацаад бүтэн нэг сар болж байна. 

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байгаа. Энэ бичигт АН-ынхан гарын үсэг зурна гэж ойлгож болох уу? 

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж: -Манай нам дүрэмтэй, дүрмийнхээ дагуу үйл ажиллагаа явуулна. Тодорхой шийдвэр намаас ирээгүй учраас гишүүд өөр өөрийнхөөрөө асуудалд хандах эрхтэй. 

-Хоёр долоо хоногийн өмнө танай нам УИХ-ыг огцруулах нь хууль бус. Тиймээс АН-ын бүлэг хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй гэж мэдэгдэж байсан. Тэгэхээр одоо АН хууль бус үйлдэлд нэгдэхээр болж байгаа юм уу? 

-Хүчээр огцруулах тухай асуудлыг ярих нь хууль бус. Харин бидний шаардлага бол ёс зүйн хувьд хариуцлагаа хүлээх ёстой гэж байгаа юм. АН-ын бүлэг хуулийн хүрээнд бүх асуудлаа ярьж шийдэж явах ёстой. 

-УИХ-ын гишүүн Л.Болдын намаасаа татгалзах өргөдөл дээр АН ямар байр суурьтай байгаа юм бэ. Хэрэв энэ хүн намаасаа гарчих юм бол УИХ дахь АН-ын бүлгийн асуудал хөндөгдөх гээд байна? 

-Л.Болд гишүүн намын Үндсэн дүрмийн дагуу сахилгын шийдтгэл хүлээсэн. Үүний дараа өргөдлөө намдаа өгсөн. Яг өнөөдрийн байдлаар энэ асуудал шийдэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, Л.Болд гишүүн АН-д байгаа.