Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Их 20”-ийн чуулганаас хоцорсны дараа Германы засгийн газар канцлерьтаа шинэ онгоц авахаар шийджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сарын сүүлээр Аргентины нийслэлд болсон манай дэлхийн тэргүүлэх эдийн засагтай 20 орны удирдагчдын чуулганы нээлтэд ганцхан Германы канцлерь Ангела Меркель оролцож чадаагүй билээ.

Учир нь канцлерийн хуучирсан нисэх онгоцонд гэмтэл гарч, тэр маргааш нь нийтийн онгоцны VIP суудлаар Буэнос Айресыг зорьсон юм. Түүний Airbus A340 одоо үйлдвэрлэгдэхээ больсон, хуучин загварын нисэх онгоц ажээ.

Тэгвэл Германы засгийн газар дахин ийм саатал гаргахгүйн тулд канцлерьтаа шинэ нисэх онгоц авахаар болсон байна.

Бямба гарагт Bild am Sonntag сонинд ярихдаа батлан хамгаалахын сайд Вон Дер Лэйен “Канцлерь Их 20-ын чуулганд хоцорч очсон нь ичмээр явдал болсон” гэж хэлээд ирэх оны төсөвт 300 сая хүртэл евро төсөвлөж, Меркелийн нисэх онгоцыг солихоор болсныг мэдэгджээ.

“Дахин ийм байдалд орохгүйн тулд канцлерийн экипажийг өргөжүүлж, нэг юм уу хоёр алсын зайн нисэх онгоц авах төлөвлөгөөтэй байна” гэж тэр ярьсан байна.

Тиймээс Германы засгийн газар хоёр ширхэг хуучин Airbus A330, эсвэл нэг цоо шинэ Airbus A350 авах байх гэж тус сонин тооцоолжээ. Ер нь Герман улс дэлхийн хоёрдугаар дайнаас хойш энх тайванч бодлого баримтлах болж, батлан хамгаалах салбартай холбоотой хөрөнгө оруулалтад хойрго ханддаг болсон.

Канцлерийн нисэх онгоцыг хариуцдаг батлан хамгаалах яам одоог хүртэл нэлээд хуучирсан онгоцнуудтай байгаа нь үүнтэй холбоотой гэнэ.

Нисэх онгоцноос гадна тус улсын армийн танк, техник хэрэгсэл нэлээд хуучирсан байдаг ба ойр ойрхон засварт ордог байна. Үе үеийн батлан хамгаалахын сайд нар энэ байдлыг өөрчлөх гэж оролддог ч дайны дараах Германы эрх баригчдын зэр зэвсэгт болгоомжтой хандах сэтгэлгээ одоо болтол саад болсоор байдаг ажээ.

 

Эх сурвалж: Reuters