Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Махатхир Мохамад: Дэлхийн аль ч улсад Иерусалемыг Израйлийн нийслэлээр хүлээн зөвшөөрөх эрх байхгүй

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Махатхир Мохамад

Ням гарагт Бангкокт болсон арга хэмжээнд оролцох үеэр Малайзын ерөнхий сайд Махатхир Мохамад баруун Иерусалемыг Израйлийн нийслэлээр хүлээн зөвшөөрсөн Австралийн засгийн газрын шийдвэрийг шүүмжилжээ.

Австрали улс өөрийн гол холбоотон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг дагаж Бямба гарагт ийм алхам хийсэн бөгөөд ингэхдээ Иерусалем хотыг бүхэлд нь Израйлийн нийслэл гэж үзээгүй, зөвхөн баруун хагасыг нь хүлээн зөвшөөрсөн юм.

Бас элчин сайдын яамаа одоохондоо Тель-Авиваас Иерусалемд нүүлгэхгүй, энхийн хэлэлцээр үр дүнд хүрсний дараа шийднэ гэдгээ зарлажээ.

Махатхир Мохамад “Иерусалем хот өнөөдрийнхөө статусаар үлдэж, Израйлийн нийслэл болох ёсгүй. Тус хот үргэлж Палестины захиргаанд байсаар ирсэн. Австралид ийм шийдвэр гаргах эрх байхгүй” гэж мэдэгдсэн байна.

Малайз улс Ислам шүтлэг давамгайлдаг орон бөгөөд Палестин-Израйлийн зөрчлийг хоёр тусдаа улс байгуулах замаар шийдэх талд байдаг.

Палестинчууд Иерусалемын зүүн хагасыг ирээдүйн тусгаар улсынхаа нийслэл болох ёстой гэж үздэг бол тус хэсгийг 1967 онд хүчээр эзлэн авсан Израйльчууд Иерусалем хот бүхэлдээ өөрийнх нь нийслэл болох ёстой гэж үздэг юм.

Ислам, Христ, Жүүдийн шашнуудын ариун газар байрладаг Иерусалем хотын статус Палестин-Израйлийн энхийн хэлэлцээрийн гол маргаан болдог.

Өчигдөр бас Израйлийн гадаад хэргийн яам Австралийн шийдвэрийг “зөв чиглэлд хийсэн эхний алхам” гэж сайшаасан ч баруун Иерусалемыг нийслэлээр хүлээн зөвшөөрснийг нь буруутгасан байна. Тэдний үзэж байгаагаар Иерусалем хот бүхэлдээ Израйлийн нийслэл ажээ.

Тус улсын бүс нутгийн хамтын ажиллагаа хариуцсан сайд Цахи Ханегби Австрали улсыг алдаагаа засна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Одоогоор Иерусалемыг Израйлийн нийслэлээр хүлээн зөвшөөрсөн улсуудад АНУ, Гватемал, Парагвай, Австрали багтаж байгаа. Гэхдээ Парагвайн өмнөх засгийн газрын шийдвэрийг шинэ засгийн газар нь буцаасан юм.

 

Эх сурвалж: Reuters