Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Боинг компани Хятадад анхныхаа нисэх онгоцыг үйлдвэрлэж гаргалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Америкийн хамгийн том экспортлогч гэгддэг Боинг компани анх удаагаа Хятадад нисэх онгоц үйлдвэрлэж гаргалаа.

Air China компанийн захиалгаар үйлдвэрлэсэн Boeing 737 Max нисэх онгоцыг Шанхайн ойролцоох Зоушаны үйлдвэрээс Бямба гарагт гаргажээ.

Дундаж давхарга нь өсөн нэмэгдэж байгаа Хятадын зах зээлд ирэх 20 жилийн хугацаанд шинээр 7,700 нисэх онгоц шаардлагатай гэсэн тоо бий. Энэ нь $1.2 их наядын бизнесийн орон зай юм.

Боингийн хамгийн том орлогын эх үүсвэр болдог 737 Max загварын хамгийн том худалдан авагч нь Хятад улс. Тус улс удахгүй дэлхийн агаарын тээврийн хамгийн том зах зээл болох нь тодорхой байгаа.

Боинг компани өнөөдрийг хүртэл хилийн чанадад онгоц үйлдвэрлэдэггүй байсан тул Бямба гарагийн үйл явдал нь тус компанийн түүхэнд онцгой тохиолдол юм.

Түүний өрсөлдөгч Airbus Хятадад онгоц угсарч эхлээд арав орчим жил болж байна. Саяхан тэд Тяньжинд A330 загварыг үйлдвэрлэлийн эцсийн шатнаас зах зээлд гаргах төвөө нээсэн юм.

Гэхдээ Хятадын зах зээлд байр сууриа бэхжүүлэх Боингийн төлөвлөгөөнд Вашингтоны явуулж буй худалдааны дайны бодлого нөлөөлж магадгүй байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн ажиллагааныхаа үеэр Боингийг Хятадад үйлдвэр байгуулж байгааг шүүмжилсэн мэдэгдэл хийж байв.

 

Эх сурвалж: Quartz