Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Австрали улс Баруун Иерусалемыг Израйлийн нийслэлээр хүлээн зөвшөөрлөө

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Бямба гарагт Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон тус улсын засгийн газар Баруун Иерусалемыг Израйль улсын нийслэлээр хүлээн зөвшөөрснийг мэдэгджээ.

Гэхдээ Австрали улс Израйль-Палестины энхийн хэлэлцээрийг байгуулагдах хүртэл элчин сайдын яамаа Тель-Авиваас Иерусалемд нүүлгэхгүй гэж мэдээлсэн байна.

Моррисон бас Зүүн Иерусалемыг ирээдүйн тусгаар улсынхаа нийслэл болгох гэсэн Палестинчуудын хүсэл эрмэлзлэлийг засгийн газар нь хүндэтгэж байгааг илэрхийлжээ.

Иерусалем хотын статус Израйль, Палестины хооронд хамгийн их зөрчилтэй, эмзэг асуудалд тооцогддог. Моррисоны мэдэгдлийг Австралийн сөрөг хүчнийхэн эсэргүүцэж, Лэйбор намын тэргүүн Билл Шортен хэрвээ ирэх оны сонгуульд өөрийнх нь нам ялбал уг шийдвэрийг буцаана гэж амлажээ.

Палестины лидерүүд хэрвээ Австралийн засгийн газар ийм шийдвэр гаргавал тус улсын эсрэг эдийн засаг, дипломат харилцааны хориг арга хэмжээ авахуулахаар Исламын ертөнцийн улс орнуудыг ятгаж байсан юм.

Моррисоны өмнөх ерөнхий сайд Малкольм Турнбулл Израйлийн шинэ нийслэлийг хүлээн зөвшөөрөх бодолгүй гэдгээ илэрхийлж байв.

Ингэснээр Австрали нь АНУ-ын дараа Иерусалемыг Израйлийн нийслэлээр хүлээн зөвшөөрсөн дөрөв дэх улс болж байна.

Дональд Трамп өнгөрсөн оны сүүлээр анхны шийдвэрийг гаргаж, энэ оны тавдугаар сард элчин сайдын яамаа Тель-Авиваас Иерусалемд нүүлгэсэн.

Дараа нь Гватемал, Парагвай улсууд адилхан алхам хийсэн ч Парагвайн шинэ засгийн газар өмнөх засгийн газрынхаа шийдвэрийг буцаасан юм.

Иерусалем хотын статус нь Израйль-Палестины зөрчлийн гол асуудал. Израйль улс Иерусалемыг бүхэлдээ өөрийн мөнхийн нийслэл гэж үздэг.

Харин 1967 онд Израйлийн булаан эзэлсэн хотын зүүн хагасыг Палестинчууд өөрийн ирээдүйн тусгаар улсын нийслэл болох ёстой гэдэг.

Иерусалемыг Израйлийн нийслэл гэдгийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрдөггүй. Израйлийн нийслэлээр Иерусалем хотыг зөвшөөрсөн АНУ-ын засаг захиргааны шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн тогтоолыг 2017 оны арванхоёрдугаар сард НҮБ-ын ерөнхий ассамблей  баталж байв.

 

Эх сурвалж: BBC