Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин Оросын рэп урлагт хатуу хяналт тогтоох ёстойг зөвлөжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Оросын залуу үеийнхний дунд хүчтэй дэлгэрч байгаа рэп урлагийг хориглохоосоо илүүтэй сайтар хянаж зохицуулах арга олох хэрэгтэйг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин соёл урлаг хариуцсан албан хаагчдад зөвлөжээ.

Бямба гарагт Санкт Петрбург хотод соёлын зөвлөхүүдтэйгээ уулзах үеэр тэр “Хэрвээ үүнийг хориглох боломжгүй бол бид удирдан чиглүүлж, зохицуулах ёстой” гэж хэлсэн байна.

Путин рэп урлагийн гол гурван сэдэв нь сэкс, хар тамхи, тэмцэл гээд тэдгээрээс улс үндэстэнд хамгийн аюултай нь хар тамхи гэж онцолжээ.

Хараал хэлэхээс илүү аюултай нь хар тамхины хэрэглээг сурталчлах гэж дүгнэсэн байна.

Сүүлийн үед Оросын рэп уран бүтээлчдийн үйл ажиллагааг хорих цагдах явдал хэд хэд гараад байгаа.

Өнгөрсөн сард рэппер Хаскигийн тоглолтыг Краснодар хотод хориглосны дараа тэр гудамж талбайд тоглолтоо хийх гэж оролдоод цагдаа нарт баривчлагдсан юм.

Ядуурал, авлига, цагдаагийн дарангуйллын талаар голдуу дуулдаг 25 настай рэппер арваннэгдүгээр сарын 21-ны өдөр тоглолтоо хийхээр бэлдэж байжээ. Гэвч орон нутгийн захиргаа түүний уран бүтээлийг “экстремист” агуулгатай гэж үзээд хориглосон юм.

Арваннэгдүгээр сарын 30-нд өөр нэг алдартай рэппер Gone.Fludd цагдаагийн газрын шахалтаар хоёр тоглолтоо цуцалсныг зарласан байна. 

Бас нэг уран бүтээлч Allj умард туйлын Якутск хотод тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч янз бүрийн сүрдүүлэг хүлээж авсны улмаас цуцлахад хүрсэн тухайгаа мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press