Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Испаний прокурор поп од Шакираг татвараас зугтсан хэрэгт буруутгажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Колумбийн дуучин, поп од Шакираг нийтдээ 14.5 сая еврогийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэж Испанийн прокурорууд дүгнэснээ өчигдөр зарласан байна.

Дуучин бүсгүй Испаний Каталанд оршин суудаг боловч Бахамын арлуудад орлогоо тайлагнадаг байсныг олж тогтоожээ.

Шакира 2015 онд найз залуу, хөлбөмбөгчин Жерард Пикетэй хамт амьдрахаар Бахамаас Барселонд албан ёсоор шилжин амьдрах болсон байна. Гэвч прокурорууд 2012-2014 онуудад буюу албан ёсоор бүртгүүлэхээсээ өмнө ч түүнийг Каталаны нийслэлд амьдарч байсан тул орлогоосоо Испани улсад татвар төлөх ёстой гэж дүгнэжээ.

Энэ хугацаанд Шакира дэлхийн улс орнуудаар аялан тоглож их хэмжээний орлого олсон гэгдэж байна.

Одоо Испаний хуулийнхан Шакираг буруутгах хангалттай нотолгоо бүрдсэн гэж үзвэл шүүх хурал зарлах юм. 

Өнгөрсөн онд хэвлэлээр ил болсон “Paradise Papers” офшор дансны мэдээлэлд Шакирагийн нэр дурдагдаж байв. Тэр Барселонд амьдардаг ч Бахамын арлуудад оршин суугчийн бүртгэлтэй байсан юм.

Үүний дараа Испаний прокурорууд 11 сарын турш шалгаад ийм дүгнэлтэд хүрсэн байна.

Грэммийн шагналт дуучин бүсгүй Испанид татварын хэрэгт орооцолдсон алдартнуудын сүүлийнх нь болж байна. 2016 онд Барселон клубын тамирчин Лионел Мессиг эцгийнх нь хамт татвараас зугтсан хэрэгт шийтгэж, 21 сарын тэнсэн харгалзах ял оноож байв. Сүүлд уг ялыг торгуулиар сольсон юм.

Таван сарын өмнө Реал Мадридын хөлбөмбөгчин Кристиану Рональду мөн татвараас зугтсан хэргээр шийтгүүлж, хоёр жилийн тэнсэн харгалзах ялаа 19 сая еврогийн торгуулиар сольж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian