Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улс худалдааны дайныг зогсоохын тулд Америкийн автомашины татварыг буулгалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

АНУ-д үйлдвэрлэсэн автомашины импортын татварыг гурван сарын хугацаатай бууруулах болсноо Хятадын сангийн яам өчигдөр зарлажээ.

Тодруулбал ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд АНУ-ын 144 төрлийн автомашин болон автын сэлбэг, эд ангийн 25 хувийн нэмэлт татварыг цуцлахаар болсон байна.

Хоёр орны хооронд өрнөж байгаа худалдааны дайныг богино хугацаанд зогсоохын тулд ийм алхам хийж байгаагаа сангийн яамны мэдэгдэлд тайлбарласан байна.

Саяхан бас Хятад улс АНУ-ын хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүн болох шар буурцгийг их хэмжээгээр худалдаж авахаар болсон.

Дээрх хоёр нааштай алхам нь Дональд Трамп, Ши Жиньпин нарын энэ сарын эхээр Буэнос Айрест худалдааны маргаанаа шийдвэрлэх талаар хийсэн тохиролцоо үр дүнд хүрч магадгүйг харуулж байна.

Хоёр удирдагч Аргентины нийслэлд уулзахдаа 90 хоногийн хугацаанд “гал зогсоох” буюу харилцан бие биеийн бараа бүтээгдэхүүнд нэмж татвар оноохгүй байх, энэ хугацаанд худалдааны шинэ гэрээ хэлэлцээр байгуулахаар тохиролцсон юм.

Энэ оны эхээр Хятад улс АНУ-д үйлдвэрлэсэн автомашины импортын татварыг 40 хувь болгож өсгөж байв. Вашингтон Хятадад үйлдвэрлэсэн автомашинд 27.5 хувийн импортын татвар оноосны дараа Бээжин ийм хариу арга хэмжээ авч байжээ.

Тэгвэл ирэх оны эхний гурван сард Хятадын зах зээлд нийлүүлэгдэх Америк автомашины импортын татвар 15 хувь болж буурахаар болж байна.

 

Эх сурвалж: Reuters