Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Арьс өнгөний үзэлтэн Махатма Гандийн хөшөөг Ганачууд буулгажээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Хоёр жилийн өмнө баруун Африкийн Гана улсын үндэсний их сургуулийн хотхонд босгосон Энэтхэгийн тусгаар тогтнолын эцэг Махатма Гандийн хөшөөг саяхан буулгажээ.

Африкчуудыг доод төрөлтөн гэж үздэг байсан Гандийн хөшөөг зайлуулахыг тус сургуулийн багш, оюутнууд шаардаж байсан юм. Мягмар гарагийн шөнө хөшөөг буулгаж, оронд нь хоосон суурь үлдсэн байна.

Энэтхэгийг Британий колоничлолоос салгах тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэж, Мартин Лютер Кинг зэрэг дараа дараагийн тэмцэгчдийн үлгэр дууриал болж байсан Ганди залуу насандаа Өмнөд Африкт ажиллаж, амьдарч байсан юм.

Тэр үед Ганди нутгийн уугуул иргэдийг зэрлэг, бүдүүлэг хүмүүс гэж үздэг, энэтхэгчүүдийг тэдэнтэй харьцуулбал өндөр соёл иргэншилтэй үндэстэн гэж дөвийлгөдөг байсныг Африкийн судлаачид, түүхчид баримтаар тогтоосон байдаг.

Тухайлбал 1904 онд бичсэн захидалдаа Ганди “нутгийн хар арьст иргэдтэй энэтхэг хүмүүсийг нэг хаалгаар цуг оруулдагт дургүйцэж байгаа”-гаа илэрхийлж байжээ.

 Ганын өмнөх засгийн газар хөшөөг өөр газарт шилжүүлж байрлуулахаа амлаж байсан ч өнгөрсөн хугацаанд хөдөлгөөгүй юм. Тэд Энэтхэг улстай харилцах харилцаандаа асуудал үүсгэхийг хүсэхгүй байв. Тэгвэл Ганын шинэ засгийн газар оюутнуудын хүсэлтийг ийнхүү биелүүлсэн байна.

Одоо Африкийн Малави улсад мөн Гандийн хөшөөг нийслэл хотдоо босгуулахгүйн төлөө тэмцэл өрнөж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP