Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

ТУРШЛАГА: Австрали улс гялгар уутны хэрэглээгээ хэрхэн 80% бууруулав?

О.Булган, iKon.mn
2018 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Австрали улсын томоохон хоёр сүлжээ дэлгүүр болох Coles, Woolworth дэлгүүрүүд нэг удаагийн гялгар уутны борлуулалтаа зогсоосноор тус улсын гялгар уутны эргэлтийг 80 хүртэлх хувиар бууруулаад байгаа юм.

Тус улсын Жижиглэнгийн худалдааны холбооноос хийсэн судалгаагаар энэхүү шийдвэр гарснаас ердөө гурван сарын дотор иргэдийн гялгар уутны хэрэглээ 80 хувиар буурсан ба энэ нь нийт 1.5 тэрбум гаруй ширхэг гялгар уутыг эргэлтээс хассан гэсэн үг юм.

Энэхүү шийдвэр нь одоогоор амжилттай хэрэгжиж байгаа хэдий ч хэрэгжиж эхлэх үедээ бага зэргийн шүүмжлэлийг араасаа дагуулж байв.

Тодруулбал, Coles дэлгүүр гялгар уутыг шууд хориглохыг эсэргүүцэн гялгар уутаа тодорхой хэмжээний үнээр борлуулж байжээ.

Австралийн жижиглэнгийн худалдааны холбооны мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар "Энэхүү шийдвэрт томоохон худалдааны байгууллагаас гадна жижиг, дунд үйлдвэрлэгчид ч нэгдэж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрахын тулд хувь нэмрээ оруулах нь зүйтэй.

Мөн эдгээрээс гадна хүргэлтийн үйлчилгээ эрхэлж буй албан байгууллага, худалдаа үйлчилгээний газар болон хувь хүмүүс бараа бүтээгдэхүүнээ ямар сав, баглаа боодолд боож, хүргэх тал дээр илүү анхаарч, хариуцлагатай хандах цаг ирсэн" хэмээжээ.

Ийнхүү байгаль орчинд эерэг өөрчлөлтийг авчирч, гялгар уутыг хэрэглээнээсээ хасаж буй анхны улс нь Австрали биш юм. Бүгд Найрамдах Чили улс хамгийн анх гялгар уутны хэрэглээгээ бүрэн халсан байдаг.

 

Эх сурвалж: World Economic Forum