Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Virgin Galactic”-ийн нисэх онгоц анх удаа сансар огторгуйн хил хүрээд буцлаа

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Их Британий тэрбумтан Ричард Брэнсоны “Virgin Galactic” компани өчигдөр анх удаа сансрын нисэх онгоцоо сансар огторгуйн хилд хүргээд буцааж амжилттай газардууллаа.

VSS Unity гэж нэрлэгддэг, пуужингийн хөдөлгүүртэй онгоц Пүрэв гарагийн өглөө АНУ-ын Мохаве цөлөөс хөөрч, агаарын хүчнийхний тогтоосон агаар мандал, сансар хоорондын хил болох 50 милийн (80 км) өндрийг даваад буцаж ирсэн юм. 

14 жилийнхээ түүхэнд “Virgin Galactic”-ийн хөлөг ийм өндөрт хүрч байгаагүй. Өмнө нь тэд дээд тал нь 52 км-ийн өндөрт хүрч байжээ.

Өчигдөр VSS Unity 82.7 км өндөрт хүрч, дууны хурднаас 2.9 дахин өндөр хурд үзүүлж чадсан байна.

Компанийн мэргэжилтнүүдийн өгүүлж байгаагаар онгоц нь үүнээс ч өндөрт гарах чадвартайгаа харуулжээ. Учир нь өчигдөр онгоц өөрийн хөдөлгүүрийг ердөө 60 секунд ажиллуулсан юм.

VSS Unity хөлгийн онцлог нь хөөрөхдөө өөр тээвэрлэгч онгоцонд дайгдаж 13 км орчим өндөрт хүрдэг. Үүний дараа тэр тээвэрлэгч WhiteKnightTwo онгоцноос салаад өөрийн хөдөлгүүрийг ажиллуулж цааш аялдаг юм.

VSS Unity онгоцны зорилго нь сансар огторгуйн наад захад хүрч, хөдөлгүүрээ унтраан хэсэг саатахдаа зорчигчдод жингүйдлийг мэдрүүлэх. Үүний дараа дэлхийд буцаж газардана.

Өөрөөр хэлбэл зөвхөн сансрын аялал жуулчлалд зориулагдсан хөлөг юм.

Аялалын тасалбар $250,000-ын үнээр урьдчилан зарагдаад эхэлсэн байгаа. Одоогоор Эштон Качер, Том Хэнкс зэрэг алдартнууд тасалбараа аваад байна.

2009 онд анхны аялалаа зохион байгуулна гэж төлөвлөж байсан ч техникийн асуудлаас шалтгаалан бүтэлгүйтсээр өнөөдрийг хүрсэн юм. Гэхдээ өчигдрийн туршилт амжилттай болсон нь “Virgin Galactic”-ийн бизнес бодитой хэрэгжихэд том алхам болж байна. Энэ удаагийн туршилт VSS Unity хүн тээвэрлэхэд аюулгүй болохыг баталсан юм.

VSS Unity онгоцны аялал:

VSS Unity газардаж байгаа нь:

Эх сурвалж: The Verge