Олон жил иргэний дайнд нэрвэгдсэн Ардчилсан Конгын Бүгд Найрамдах Улсад арванхоёрдугаар сарын 23-нд анхны ардчилсан сонгууль болж, шинэ ерөнхийлөгчөө сонгох гэж байгаа.
Гэтэл өчигдөр нийслэл Киншаса хот дахь сонгуулийн хорооны агуулахад түймэр гарч, санал хураалтад ашиглахаар бэлдээд байсан 10,000 машины 7,000 нь шатсан байна.
Тус улсын ерөнхийлөгчийн зөвлөх Барнабе Кикая бин Каруби үл мэдэгдэх гэмт этгээдүүд санаатай гал тавьсан гээд сонгууль хугацаандаа болохыг мэдэгджээ.
Тэр агуулахыг хамгаалж байсан цагдаа нарыг баривчлан шалгаж байгааг олон нийтэд мэдээлсэн байна. Гэвч сөрөг хүчнийхэн үүнийг 2001 оноос хойш Конгын төрийг барьж байгаа Жозеф Кабилагийн сонгуулийг хойшлуулах гэсэн явууллага гэж сэжиглэж байгаа аж.
“Бид гэмт хэрэгтнүүдийн дэглэм дор байна. Энэ бол санамсаргүй осол биш. Гол сэжигтэн нь өнөөдрийн дэглэм өөрөө юм” гэж тус улсын гол сөрөг хүчин болох Ардчилал, Нийгмийн Дэвшлийн Нэгдэл намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Валентин Мубаке мэдэгджээ.
Өчигдөр өмнөд бүсийн Мбужи Майи хотод тус намыг дэмжигчид болон хэв журам сахиулагчдын хооронд мөргөлдөөн болох үеэр нэг хүн буудуулж амиа алдсан юм. Сөрөг хүчний нэр дэвшигчдийн хувьд энэ сонгууль өндөр эрсдэлтэй үйл явдал болж байгаа.
Одоо 47 настай ерөнхийлөгч Кабила 2016 онд хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан ч албан тушаалаа өгөхөөс татгалзсан. Гэвч олон нийтийн шахалтаар ирэх сонгуульд нэр дэвшихгүй байхыг зөвшөөрсөн юм.
Конгын үндсэн хуулинд нэг хүн ерөнхийлөгчөөр хоёр дараалан сонгогдохыг хориглодог.
Оронд нь түүний үнэнч хүн, дотоод хэргийн сайд асан Эммануэл Рамазани Шадари энэ сонгуульд эрх баригч хүчнийг төлөөлөн нэр дэвшиж байгаа юм.
Электрон машинаар сонгуулийн санал хураах төлөвлөгөөнөөс сөрөг хүчнийхэн болгоомжилж байв. Учир нь Африкийн хамгийн том газар нутагтай орнуудын нэг Конгод зам тээвэр, эрчим хүч маш муу хөгжсөн тул луйвар хийх боломж өндөр юм.
Баруун Европын нийт газар нутагтай тэнцүү том Конгын 46 сая сонгогчийн саналыг хураахын тулд 100,000 орчим машин бэлдээд байгаа.
Дөрвөн жилийн өмнө Африкаас анх удаа Намиби улс электрон машинаар санал хураасан ч сонгогчдын тоо нь ердөө 1.2 сая байсан юм.
Хэрвээ Конгын сонгууль будлиантай болж өнгөрвөл ардчилсан засаглалд шилжих боломж дахин олон жилээр хойшилж, хүчирхийлэл, иргэний дайн дахин дэгдэх аюултай ажээ.
Эх сурвалж: The Guardian