Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх онд дулааны үндсэн шугамуудыг солихоос гадна I хорооллын ар, Баянхошуу дэд төв рүү шугам татна

Г.Номин, iKon.mn
2018 оны 12 сарын 14
iKon.MN
 

Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК хамтран дулаан хангамж, өвөлжилтийн байдал сэдвээр зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг 2018-2019 оны халаалтын улирлын оргил ачааллыг хэрхэн даван туулах чиглэлээр ярилцаж туршлага солилцсон юм.

Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэлийн талаар НЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн "Инженерийн шугам сүлжээ жигдрээд явж байна. Хэрэглэгчдийн зүгээс хорооллоороо, хотхоноороо гомдол гаргасан асуудал одоогоор алга. Хувь хэрэглэгч буюу тоотоороо гомдол гаргасан тохиолдлууд байгаа. Энэ нь контор хариуцан ажиллаж байгаа хүмүүсийн тохируулга, зүгшрүүлгээс шалтгаалж байна. Үндсэн гол шугамуудын горим хэвийн байгаа.

Гэсэн ч хэрэглэгчийн гомдол саналыг бид шуурхай шийдвэрлэх үүрэгтэй. Улаанбаатар хотын нийтийн орон сууцны 43 хувийг хувийн орон сууцны контор эзэлж байгаа. Хувийн конторт харьяалагддаг өрхүүд дуудлага мэдээллээ хаана хандаж өгөх вэ гэдэг асуудал тулгардаг байсан учраас Орон сууц, нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо, Хувийн орон сууцны хөгжлийн төв гэсэн хоёр холбоон дээр үндэслээд дуудлага мэдээллийн төвийг нээгээд байна. Дулааны, цахилгааны гээд чиглэл чиглэлийн хэд хэдэн дуудлага мэдээллийн төвүүдийнхээ мэдээллийг цаашид нэгтгэн томоохон бааз үүсгэхээр ажиллаж байгаа" хэмээн ярилаа.

Э.Батмөнх: Төв шугамын 30 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан

Улаанбаатар дулааны сүлжээ, Ус сувгийн удирдах газар байгуулагдсаны 60 жилийн ой ирэх онд тохиох бөгөөд үндсэндээ шугам сүлжээ 60 жилийн түүхтэй юм. Үүнтэй холбоотойгоор шугам сүлжээний насжилтын асуудал эрчимтэй яригдаж байна.

Энэ талаар УБДС ТӨХК-ийн Үйлдвэр хөгжлийн хэлтсийн дарга Э.Батмөнх "Төв шугамын 30 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Ашиглалтын хугацаа дууссан шугамыг үе шаттайгаар компанийн болон улс, нийслэлийн хөрөнгөөр солих төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд жил тутам 15 орчим тэрбум төгрөгөөр шугам солих ажлыг хийж байна.

Бид бүхэн хэрэглэгчийг хэвийн найдвартай эрчим хүчээр хангах үүрэгтэй. Бүх хүчин чадлаараа өвлийн оргил ачааллыг давахаар ажиллаж байна. Энэ үед тулгамдаж байгаа нэг асуудал нь орлого цуглуулалтын асуудал болоод байгаа. Сүүлийн хоёр сарын хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч орон сууцны конторуудаас авах төлбөрийн хэмжээ өссөн. Арваннэгдүгээр сард нийт цуглуулах ёстой орлогын 96 хувийг цуглуулсан. Сар, сард хуримтлагдаж үлдээд байхаар нэг контороос авах төлбөр хуримтлагдаж, нэмэгдээд байдаг.

Иргэдийн зүгээс халуун ус тасарсан болон халаалт бага байна гэх гомдол ирсэн тус бүр дээр манайхаас шуурхай очиж ажиллаж байгаа" гэлээ.

2019 оны зун үндсэн шугамуудыг сольж шинэчлэхээс гадна, нэгдүгээр хорооллын араар болон Баянхошуу дэд төв рүү шинээр шугам татахаар төлөвлөж байгаа ажээ.