Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

“Шар хантаазтан” Оросын сонгодог аязыг төгөлдөр хуураар тоглосон уу?

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Оросын Россия-1 суваг Францын шар хантаазтай тэмцэгчид гудамжинд төгөлдөр хуураар “Калинка” хэмээх сонгодог аязыг тоглож байгаа тухай мэдээлжээ.

“Төсөөлөхийн аргагүй газар тэд Калинкаг тоглож байна” гэж тус сувгийн мэдээний хөтлөгч тайлбарласан юм. Мэдээнд үзүүлсэн дүрс дээр Францын хаа нэгтээ гудамжинд тавьсан төгөлдөр хуураар нэгэн тэмцэгч тоглож, бусад шар хантаазтангууд тойрон сонирхож байгааг харуулжээ.

Россия-1 сувгийн тайлбарласнаар Калинка нь 1860 онд Оросын хөгжмийн зохиолч Иван Ларионовын туурвисан ая гэнэ.

Тус суваг видео дүрсийг “EnglishRussia1” твиттер хуудаснаас авснаа мэдээлжээ. Энэхүү твиттер хуудсанд видеог “Хоёр өөр соёл Францад нэгдэх цагаар” гэсэн тайлбартай урд өдөр нь нийтэлсэн байна.

Гэвч энэхүү видео дүрсийг арванхоёрдугаар сарын 8-ны өдөр шар хантаазтан тэмцэгчдийн нэг өмнөд Францын нэг хотод гар утсаараа хийж, твиттер хуудсандаа оруулсан байжээ. Анхны видео дүрсэнд өөр ая тоглож байгаагаар дүрслэгдсэн байна. Тиймээс Оросын твиттер хуудас аяыг сольж тараасан нь батлагджээ.

Энэ сарын 9-ний өдөр Францын гадаад хэргийн яам тус улсад өрнөж байгаа шар хантаазтан иргэдийн тэмцэлд Оросын талаас нөлөөлсөн эсэхийг шалгаж байгаагаа мэдэгдсэн юм.

"Alliance for Securing Democracy" байгууллагын мэдээлснээр Кремлийн бодлогыг түгээдэг твиттерийн 600 орчим хуудас өнгөрсөн хугацаанд Францын дотоод хэрэгт анхаарал хандуулсан гэнэ. Тэд #giletsjaunes буюу шар хантаазыг нэрлэсэн франц үгтэй хаштагаар мэдээлэл түгээж байжээ.

Оросын сошиал хуудсууд шар хантаазтангуудын тэмцлийг Францын цагдаа нар дэмжиж байгаа тухай мэдээлж байв. Гэвч энэ мэдээлэл Францын өөрийнх нь мэдээллийн хэрэгслүүдээр батлагдаагүй юм.

Калинка аяыг франц тэмцэгч тоглосон тухай мэдээлэл ч бас Кремлийн суртал нэвтрүүлгийн нэг хэсэг байсан бололтой.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty