Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Ойд бясалгал хийж байсан Буддын ламыг ирвэс барьсан хэрэг Энэтхэгт гарчээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Энэтхэгийн баруун бүсийн дархан цаазат ойд бясалгал хийж суусан Буддын шашны лам ирвэсэнд бариулж, амиа алдсан хэрэг гарсныг орон нутгийн цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.

Өнгөрсөн Мягмар гарагийн өглөө 35 настай Рахул Валке Бодхи ламтан Рамдеги ойд модны дор бясалгал хийж суухад нь энэхүү эмгэнэлт явдал тохиолдсон байна.

Ламтны биед үүссэн шархыг шинжлээд ирвэс түүнийг чирч мод руу орох гэж оролдсон болохыг тогтоосон гэнэ. Мумбай хотоос зүүн зүгт 825 км зайтай оршдог тус ой нь ховордсон ирвэсийг хамгаалах зорилгоор дархлагдсан газар юм.

Сүүлийн нэг сарын дотор нийт таван ийм тохиолдол бүртгэгдээд байгааг цагдаа нар мэдээлжээ. Тухайн бүс нутагт зохион байгуулагдсан Буддын шашны хуралд оролцогсод орон нутгийн захиргааны анхааруулгыг үл хэрэгсэн ойн гүнд орж бясалгал хийснээс араатны саварт өртсөн байна.

Дөнгөж өнгөрсөн Даваа гарагт нутгийн худалдаачин Сандеп Аржун ойн захад орших дэлгүүрийнхээ гадна ирвэсэнд бариулж амиа алджээ.

Энэтхэгт 12,000-14,000 ирвэс байдаг гэсэн албаны тоо баримт байдаг.

Хүн амын суурьшил газар нутгийг нь булаах болсноос хүн ба араатны зөрчил сүүлийн үед нэмэгдсэн гэж судлаачид үзэж байна.

 

Эх сурвалж: AFP