Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

КИНО ШҮҮМЖ: Мongolian Connection

ikon.mn
2018 оны 12 сарын 14
Сурталчилгаа

Дотоодын кино урлагийн гол сэдэв болоод буй Мongolian Connection киног үзэж хавь ойрд Монгол киноноос аваагүй мэдрэмж авлаа. Уг кинонд Монгол охидыг Америкт зардаг Монгол, Казахстаны хэрцгий гэмт бүлэглэлтэй хийх тулаан гарна. Товч, тодорхой хэлбэл “Гэрчийг устга” гэдэг кино. Эвтэйхэн, амархан зохиолтой кино байдаг даа, урссаар байгаад дуусчихдаг. Энэ тийм биш. Зохиол хэт хурдан биш, хэт удаан биш хөгжсөөр, ээдэрсээр байна.

Мөрийтэй тоглоом, алт, хүний наймаа тэргүүтэй бүх хар хэрэгт орсон гэмт бүлэглэлийг илчлэх гэрчийн амь нас аюулд орсноор Монгол, Америкийн цагдаа нар хамтран ажиллах аж. Нэмээд Америк дахь гэмт этгээдүүдэд тусалж яваад баригдаж эх орондоо ирсэн Хулан “янхан” гэж адлуулж, жирэмсэн болж, улмаар барьцаалагдаж байгаа нь кинонд адармаа нэмжээ.

Олон нийтийн сүлжээнээс харахад үзэгчид зогсолтгүй үргэлжлэх тулаан хүссэн нь илт. Гэвч энэ бол “John Wick”, “Taken” биш гэдгийг санавал зохино. Мэдээж тэр хэмжээний төсвөөр хийгдээгүй учир харьцуулах нь шударга биш. Энэ бол хамтран зүтгэгчээ алдаж, буруу замаас эргэж, нэг ч гэсэн хүнд туслахыг хүсч буй залуус, ширүүн тулаан, халуухан үнсэлт сүлэлдсэн кино. Мөн дээрээс нь тун нь таарсан хошигнолыг тохиромжтой цагт нь шигтгэж өгсөн нь танхимд суусан үзэгчдийг хичээхгүйгээр инээлгэж чадсан.

Киног бүтээхэд гурван улсын уран бүтээлчид хамтарч, тулааны найруулга, зураг авалт, дуу хөгжим, тэргүүтэй гол ажлуудыг гүйцэтгэсэн гэнэ. Киног үзэхэд нээрээ л зураг авалт, эвлүүлэг, найруулга гээд Холливудаас гар бие оролцож гэмээр. Монголд ийм зураг авалттай, өнгө дүрс бүхий киног театрт үзэж байгаадаа кинонд дурлагсад баярлах хэрэгтэй гээд зоригтойхон хэлчихмээр. Монголд кинотеатрт үзчихмээр стандарттай, олон улсын кинотеатрын дуу, дүрс хүчин чадлыг бүрэн ашиглаж чадсан бүтээл ховор шүү дээ. Үнэн л энэ.

Жүжиглэлтийн тухайд гол дүрийн гурван залуу авч гарчээ. Монгол жүжигчид өнөө л хэтийдсэн, театрын маягаар, удаан, завсар олонтой ярьсаар кино дууссан. Харин Уэйд (Кайви Лаймэн), Серик Ибраев (Санжар Мади), Ганз (Б.Амарсайхан), Хулан (Б.Цэцэг) нар бодит амьдралын хөрсөнд буусан жүжиглэлтээр ялгарч, гол дүр шиг байж чадлаа. Хулангийн шантарсан, Уэйдийн хэнэггүй, Серикийн догь, Ганзоригийн нухацтай дүр яг л байгаагаараа гарсан. Бага зэрэг спойлордоход дурлалт хосын сэтгэл хөдлөм харилцаа ч гардаг юм байна. 

Монгол киноны сүр жавхааг газар доогуур ортол дарж чаддаг зүйл бол дуу хөгжим, хөгжмийн найруулга. Хөгжим бол киноны чанарын 50 хувийг дангаар бүрдүүлдэг томоохон хүчин зүйл. Харин Монголиан Коннекшн хөгжим, ая, дуу зэрэгтээ дээд зэргээр анхаарсанд туйлын сэтгэл өндөр байлаа. Монголын кино урлагт энэ бол томоохон ахиц. Хөгжим дагаж айдас, түгшүүр, баяр баясал, тайвшрал мэдрэгдэж байснаас өөрийг тайлбарлах илүүц биз.

Киноны найруулга бас л шинэ, гэвч нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь баримтат кино, уран сайхны кино, дууны клип холилдсон маягтай. Уэйд буудлаас гарахад машин шарваж байдаг хэсэг “cool” дууны клип шиг. Харин Монголын байгаль, амьдрал ахуйг харуулсан хэсэг нь баримтат кино мэт. Ийм онцгой сүжет найруулахад хэд хэдэн хүний санаа нийлсэн байх. Бага зэрэг сунжирсан хэсэг олонтой, зарим талаар “Crank” шиг галзуу зураг авалт, эвлүүлэг дутсан. Гэвч энэ бол эхлэл, цаашид алдаанаасаа суралцана, киноны төсөв ч нэмэгдэх болно.

Одоо хамгийн сонирхолтой хэсэг нь…

Киноны тулааны хэсгүүд үнэхээр үнэмшилтэй бас сонирхолтой. Одоо ч нүдэнд харагдаж байна. Ялангуяа галт тэрэг, агуулах, гэр хорооллын байшинд хийсэн тулаанууд. Замбараагүй дүрсээр “бөмбөгдөж”, “Хаана, юу болоод байгаам бээээ” гэмээр хийгээгүй нь бас л тулаант кинонд сүр нэмсэн. Ерөнхийдөө, “Gangster Squad” киноны шулуун шударга тулааныг санагдуулам. Гэр хороолол дундуур машинтай хурдалж, зугтааж, хөөж байгаа, Blue Sky-ийн урд буудалцдаг хэсгийг үзээд хамаг биеэ чангалж суулаа. Үнэнийг хэлэхэд эдгээр хэсгийг кинотеатрт үзэхдээ “Үгүй, овоо доо энэ чинь” гэж бодогдсон. Кинонд дурлагчийн хувьд иймэрхүү шинэ зүйлсийг Монголын хөрсөнд туршаад, тэр нь бүтэлтэй болсонд сэтгэл өндөр байгаа. Энэ хэсгүүдийг удахгүй Youtube-д “Movie Clips” форматаар байршуулна гэж найдъя.

Тулаант кино сонирхогчийн хувьд буун дуу илүү сүртэй, бүдүүн дуугарсан бол гэж горьдлоо. “Час час” гэж дуугарах буу цаанаа л сүр багатай. Тулаант киног удаашруулсан дүрсгүй төсөөлөх хэцүү биз дээ. Энэ шуналыг маань Mongolian Connection-ы найруулагчид хангалттай дарж өгсөн. Гурван залуу шүүх рүү алхаж ордог хэсэг бол үнэн “cool”.

Манайд орчин үеийн үйл явдал харуулсан тулаант кино хийнэ гэдэг амаргүй. Багахан хэтрүүлэг хийхэд л айл гэртэж тоглож байгаа хүүхдүүд шиг харагддаг. Харин Монголиан Коннекшн бүтээлийг гадаад, дотоодын мэргэжилтнүүд хамтран бүтээж, салбартаа цоо шинэ хөрс бэлдэж өгсөн гэж болохоор. Энэ бол том гавьяа. Монголын кино салбарынхан маш их зүйл сурч, мэдсэн байх, цаашдаа хурдтай хөгжих юм байна гэсэн найдлага төрсөөр танхимаас гарлаа.

Монголиан Коннекшн намайг өндөр сэтгэгдэлтэй үлдээсэн цөөхөн МОНГОЛ киноны нэг боллоо. Олон нийтийн сүлжээ дэх үзэгчдийн хандлага сайн, муун туйл руу хэтэрхий хэлбийж өгсөн ч хүн бүрийн хүлээн авах мэдрэмж өөр, төрөх сэтгэгдэл ч давтагдашгүй учир өөрийн нүдээр үзэж, мэдрэмжээр мэдрэх нь “кайф” байлаа. Хоёрдугаар анги гарвал дэлгэцээс буухаас хоёр долоо хоногийн өмнө биш, нээлтийн өдөр нь үзнэ ээ.

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.