Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Бат-Оргил: ХҮН-ын хагарлын шалтгаан нь сонгуульд оролцогчдоос мөнгө босгох асуудал байсан

Б.Цэнд-Аюуш, Үндэсний шуудан
2018 оны 12 сарын 14
Үндэсний шуудан
Зураг зураг

Хөдөлмөрийн үндэсний намын ууган гишүүдийн нэг Т.Бат-Оргилтой ярилцлаа.

-Ярилцлагаа танай намтай холбоотой дуулианаар эхлүүлье. Хөдөлмөрийн үндэсний намын даргаар сонгогдож байсан “Алтан Дорнод Монгол” компанийн ерөнхий захирал Т.Ганболд телевизэд өгсөн ярилцлагадаа “60 тэрбумын хэргийн системийг ХҮН-ынхан, тэр дундаа тухайн үед намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Т.Доржхандыг боловсруулсан” гэж ярьсан. Харин Т.Доржханд хариуд нь үгүйсгэсэн мэдээлэл хийлээ. Та ХҮН-ын ууган гишүүний хувьд хэн нь үнэн, худал ярьж байгааг сайн мэдэх байх?

-60 тэрбумыг Доржханд санаачлах нь юу юм, гэхдээ энэ асуудал дэгдэхээс өмнө холимог сонгуулийн жагсаалтыг мөнгөжүүлэх санааг Т.Доржханд бидний дунд гаргаж байсан нь яах аргагүй үнэн. Үүнийг би тухайн үед жиргэхэд нэлээд шуугиан болж байсан. Ер нь ХҮН-ын хагарал бутралын цаад суурь нь энэ асуудал байсан юм. Үүнээс гадна олон асуудал нэмэгдсэн л дээ. Энэ талаар зөвхөн би хэлж байгаа ч юм биш.

Тухайн үед намын Удирдах зөвлөлд байсан бүх гишүүн үүнийг гэрчилнэ. Тухайн үед сонгууль холимог системээр болно гэж байсан. Пропорциональ жагсаалтын нэгдүгээрт бичигдвэл таван тэрбум төгрөг, хоёрдугаарт бичигдвэл дөрөв, гуравт гурав, дөрөвт хоёр, тавд нэг тэрбум төгрөг гэх мэтээр жагсаасан байсан. Энэ нь бидний хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл байсан. Тиймээс бид үүний эсрэг нэгдэж явсан.

-60 тэрбумын гэх хэрэг яригдах эхлэл нь гэж ойлгоод байна л даа?

-60 тэрбумын схем бүр аль дээр үеэс оршиж ирсэн. Г.Доржзодовын гаргасан бичлэгт ярьж байгаа хүмүүс энэ схемийг илүү системчилсэн байдлаар танилцуулж байна лээ. Ер нь ийм байдал 1996 оны сонгуулиас үүсэлтэй. Хүн бүр түүнийг ямар нэгэн байдлаар мэддэг, буруу гэдгийг нь ярьдаг. Гэсэн хэр нь үйлдэл, үг хоёр байнга зөрдөг. Би үүний эсрэг хатуу байр суурьтай, итгэл үнэмшилтэй.

Би анх МАХН-д 1996 онд М.Энхболд, Ж.Энхбаяр нартай нэг өдөр намын батлахаа хамт хүлээж авч байсан. Тэр цагаас хойш ийм систем үүсэж, өнөөгийн булай тогтолцоо бий болсны гэрч нь би өөрөө. Тиймээс ийм байдлыг хүлээн зөвшөөрөхгүй, үүний эсрэг тэмцэнэ гэж хүмүүстэй нэгдсэн юм. Гэтэл нэгдсэн нөхдүүд маань миний өмнөөс ийм зүйл ярихаар ой гутсан.

Зөвхөн би ч биш, Удирдах зөвлөлийн гишүүдийн ихэнх нь Т.Доржхандыг огцруулъя гэдэг асуудлыг тавьж байв. Бидний хувьд “Өөрсдийнхөө нуруун дээр буруу хүн дахиж гаргаж ирэх гэж байна. Бидэнд улсыг самууруулж, буруу тийш нь залж байгаа хангалттай олон удирдагч бий. Гэтэл бид дахиад ийм хүн төрүүлж болохгүй” гэдэг байр суурьтай байсан. Үүнээс намын хагарал эхэлсэн.

Үнэн хэрэгтээ намын боловсруулсан дүрэм учир дутагдалтай болсон. Манай өнөөгийн нөхцөлд намын дарга нь хэтэрхий эрх мэдэлтэй албан тушаалтан болчихсон. Бид үүнээс зайлсхийж, намын дарга гагцхүү намын байр суурийг илэрхийлэгч байхаас намыг дарангуйлж, өөрийнхөө үзэл бодлыг бүгдэд тулгадаг байж болохгүй гэж үзээд намын ЕНБД-д илүү эрх мэдэл өгөхийг хичээсэн ч, тэрнийгээ хэтрүүлсэн байсан.

-Намын даргын эрх мэдлийг багасгаж, Ерөнхий нарийн бичгийн даргад ажлаа төвлөрүүлж алдаагаа засахаар ярилцсан хэр нь яагаад зөрчилдсөн юм бэ?

-Бид намын дүрэмдээ маш том алдаа гаргасан нь намын дарга биш Ерөнхий нарийн бичгийн дарга нь өөртөө хэтэрхий эрх мэдлийг төвлөрүүлсэн байсан. Улмаар хэт их эрх мэдэлтэй байр сууринд буруу хүнээ тавьсан. Үүнийг залруулах ёстой гэдэг Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан юм. Т.Доржханд гадаад явсан хойгуур түүний талаар ноцтой фактууд илэрсэн. Иймд, Удирдах зөвлөл түүнийг огцруулах асуудлыг ярилцаж эхэлсэн. Үүнийг Т.Доржханд мэдсэн. Асуудлыг шийдүүлэхээр намын Бага хурлаа зарлах гэж байсан тул тэрбээр яаралтай эргэж Бага хурлыг хуралдуулахгүй, улмаар Удирдах зөвлөлийг бүрэлдэхүүнээр нь огцруулах эрх мэдэлтэй байсан, түүнийгээ ч хэрэгжүүлэх нь ойлгомжтой тул бид богино хугацаанд шийдвэр гаргах хэрэгтэй болсон юм.

Ингээд дүрмээ үзсэн чинь Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх үндэслэл байхгүй дүрэм боловсруулсан байж таарсан. Тиймээс бид “Онцгой нөхцөл байдал үүссэн учраас бид онцгой арга хэмжээ авах ёстой гэж үзсэн. Тухайн үед Т.Доржханд өөрийнхөө оронд Т.Ганболдыг томилж гадаад явсан байв. Тиймээс бид Т.Ганболдтой ярилцаж, намын дарга сайн, муу байх нь хамаагүй, дүрэмдээ захирагдаж, намын даргад хандсан юм. Ингэхдээ “Удирдах зөвлөлөөс Т.Доржханд гэдэг хүнийг огцруулах гэтэл дүрмээрээ болохгүй байна. Бид намынхаа Бага хурлыг яаралтай зарлая.

Бага хурлаараа энэ асуудлыг хэлэлцье. Тэр болтол Т.Доржхандыг албан тушаалаас нь чөлөөлж, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр Н.Одонгуаг томилъё” гэсэн. Н.Одонгуа ч дуртайдаа биш, бид тал талаас нь “Чи л хийх ёстой. Эмэгтэй хүн учраас асуудлыг зөөлнөөр зохицуулж авч яв. Өөр намын үүх түүхгүй цэвэр хүн. Тиймээс энэ албыг авч явах өөр хүнгүй” гэж энэ албан үүргийг тохоосон. Ингээд л намынхаа онцгой Бага хурлыг зарласан юм.

-Цагаан сарын баяр далимдуулсан гэж нэлээд шүүмжлүүлж байсан. Энэ талаар бодоогүй юм уу?

-Энэ үеэр яг Цагаан cap таарсан. Олон нийтийн баярын өдрөөр энэ үйл явдал таарсан нь ёс суртахуунгүй, муухай ч хууль тогтоомж, намын дүрмийг зөрчихгүйгээр шийдвэр гаргах нь ингэж таарсан. Асуудлыг шийдүүлэхээр намын Бага хурлаа ч зарласан. Гэтэл Т.Доржханд Удирдах зөвлөлөөс зарласан товоос нэг хоногийн өмнө Их хурлаас сонгогдсон бүрэлдэхүүнээс тэс өөр бүрэлдэхүүнтэй тоглоомын Бага хурлыг хуралдуулж, Б.Найдалааг намын даргаар сонгосон гэж зарласан. Ингээд л энэ хагарал, намын доторх асуудал үргэлжилсэн юм. Энэ бүхэн гэхдээ зөвхөн Хөдөлмөрийн үндэсний намын дотоод асуудал биш юм. Төр засгийн завхрал ямар хэмжээнд хүрсний илрэл болсон. 

-Улсын дээд шүүх ХҮН-ын даргаар сонгогдсон С.Ганбаатар, Т.Ганболд нарыг тус бүр хоёр удаа бүртгэхээс татгалзсан. Харин хууль бусаар хуралдаж, сонгогдсон гэх Б.Найдалааг намын даргаар бүртгэсэн байдаг. Энэ нь МАН, АН-ын захиалга байсан нь үнэн юм уу?

-Улсын Дээд шүүхээс намын бүртгэлийн материалтай танилцъя гэвэл материалаа гаргаж өгөх ёстой. Уул нь нууц биш шүү дээ. Тэгвэл хэрэг болгоод ХҮН-ын бүртгэлтэй, хурлын протоколтой танилцъя гээд үзээрэй. Өгөх нь үү, үз л дээ.

-“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд "Б.Найдалаа, "Т.Доржханд нар АН, МАН-ын тагнуул” утгатай зүйл ярьсан?

-Би өөрийнхөө хараагүй зүйлийг худлаа яриад яах вэ. Гэхдээ иймэрхүү яриа байдаг. Нөлөө байдаг юм шиг байна лээ. Гэхдээ би аль нэг талыг буруутгаж, эсвэл өмөөрч явмааргүй байна. Эх нь булингартай бол адаг нь булингартай болдог гэдэгт би итгэдэг. Бурууг буруугаар засаж болдоггүй юм байна. Бид Т.Доржхандыг чөлөөлөх нь зөв байсан. Гэхдээ арга нь буруу байсан. Цаг хугацааны хувьд Т.Доржханд Удирдах зөвлөлийг бүрэлдэхүүнээр нь огцруулах байсан юм. Дүрмээрээ тийм эрх мэдэлтэй.

Хэрвээ бид чөлөөлөгдчихөөд Т.Доржхандыг эсэргүүцэх юм бол огцорсныхоо дараа албан тушаалын төлөө гомдогчдын хөдөлгөөн болчих гээд байсан. Тиймээс бид “Ийм зүйл байж болохгүй. Ямар ч байсан зарчмын шаардлага тавья. Цагаан сар таарсан нь их тусгүй байна. Гэхдээ зарчмаа барих шийдвэр гаргая” гэсэн. Гэхдээ ёс зүйн дэг жаягийг зөрчсөн учраас буруудаж байгаа юм.

Магадгүй бид Т.Доржхандын хүссэнээр Удирдах зөвлөл бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой байсан ч юм уу. Аль нь зөв байсан бэ гэдэг одоо ч харагдахгүй байна л даа. Анх нам үүсгэн байгуулж байхад би өөрөө зарчмаасаа хазайсан нь миний хувьд маш буруу зүйл болсон гэж боддог. Би анхнаасаа С.Ганбаатар гишүүний үзэл бодлыг дэмждэггүй байсан. Гэтэл оппортунизм л юм даа.

Надад “Манай намд орооч. Чиний нэр хүнд, нөлөө хэрэгтэй байна. Одоо сэхээтэн залуучууд цугларч байна. Гэхдээ нүдний шилтэй, цагаан захтнууд цугларахаар хэн ч биднийг тоохгүй. Тиймээс өндөр рейтингтэй улстөрчийг оруулж ирнэ. Эхлээд хэсэг боловсролтой залуучууд цугларч, дараа нь ханцуйн дотроосоо хөзрөө гаргаж ирнэ” гэж анхнаасаа тохирсон нөхцөлөө танилцуулсан. Би үүнд анхнаасаа дургүй байсан. Гэхдээ үнэхээр тийм ч юм болов уу гэж бодон ийм схемийг зөвшөөрчих өө гэсэн ятгалгад автсандаа одоо харамсдаг.

Хүн зарчимдаа хэзээд үнэнч байх ёстой. Анхнаасаа зарчимдаа үнэнч байгаагүй бол ийм байдалд хүргэдэг юм байна. Одоо ХҮН-ын удирдлагыг энэ хүмүүс авч явлаа гэхэд тэдний зассан суурь нь буруу учраас цаашаа хэзээ нэгэн цагт задарч, хэцүү нөхцөл байдалд орно. Тиймээс би намын үйл ажиллагаанд оролцохоо больсон. Гэхдээ яах вэ, залуу хүмүүс туршаад цаашаа явна биз. Би энэнд нь саад болохгүй. Гэхдээ дэмжээд явах нь миний зарчимд нийцэхгүй.

-Та намын гишүүн хэвээрээ байгаа юу?

-Би намаас гарах өргөдөл өгч, янз бүр болоогүй. Ер нь өнөөгийн намын тогтолцоо нь буруу гэдэг нь харагдаж байна. Хамгийн түрүүнд намын санхүүжилтийн асуудал ийм байдалд хүргээд байна. Намыг ямарваа нэг байдлаар санхүүжүүлэх ёстой. Санхүүжилтийг хаанаас олох вэ гэдгээс болж, 60 тэрбум гэх мэт асуудал гарч байна. Энэ нь өөрөө улс төрийн намууд бодлогоор биш санхүүжилтээр уралдах нөхцөл байдал руу түлхэж байна. Тэгэхээр бид хуулиа өөрчлөх ёстой. Бусад улс орны туршлагыг хангалттай судалсан. Олон янзын компанит ажлыг хорих ёстой юм билээ. Бүх нам ижил тэгш нөхцөлтэйгөөр оролцвол бодлогоор уралдах нөхцөл нь бүрдэнэ.

-Уг нь анх ХҮН-ыг байгуулахад, олон нийт ирээдүйтэй, эрдэм мэдлэгтэй залуучуудын нэгдэл бий боллоо гэж харж байсан л даа. Гэсэн ч намын санхүүжилт, УИХ-ын гишүүн болох жагсаалтын мөнгөнөөс болж бутарсан гэдгийг та хэлсэн. Одоогийн нөхцөл байдлаас харахад та ямар дүгнэлт хийж байна вэ. Мөн цаашид ХҮН хэрхэх бол?

-Системээ дагаад хазайчихсан зүйл гэж харж байгаа. Үүсэл гарлын хувьд нэг төрлийн үзэл баримтлалтай хүмүүс бас нэгдээгүй. Ойролцоо үзэл баримтлалтай ч, дотоод соёлоороо хоорондоо өөр олон клубүүд нэгдсэн. Тэрнээс болж олон асуудал үүссэн. ХҮН-ын дотор болж өрнөсөн явдлыг явган хэрүүлээс илүү төрийн захиргаа, улс төр судлалын хүрээнд судлах их материал байна гэж хардаг. Яагаад, юунаас болж задарсан, цаашдаа улс төрийн намууд шинээр байгуулагдахдаа юунд анхаарах ёстой вэ гэдэг том сурах бичиг болсон гэж боддог. Том алдаанууд хийсэн. Заавал хэн нэгэн буруутныг олж намнахдаа ч биш юм.

Ямарваа нэг улс төрийн хүчинд төлөвших хугацаа байх ёстой юм байна. Бидэнд төлөвших хугацаа байгаагүй. Боломж гарлаа гэдэг оппортунист байдлаар л хандсан. Магадгүй бид 2016 оны сонгуульд оролцох ёсгүй байсан. Бид бэлэн биш гээд төлөвших ёстой байсан юм уу даа. Улс төрийн нам хамтарсан үйл ажиллагаа, акц, ажил байх ёстой. Ажил хийж байж л нэгийгээ таньдаг.

Бодитой ажил хийж нэгэнтэйгээ ээнэгшэх, байгууллагын нэгэн жигд соёл тогтож амжаагүйгээр том зодоонд орсон нь буруу болсон. Хоёрдугаарт, нэгийгээ таних боломж байгаагүй. Бид нэг жил хамтарч ажиллаад л энэ хүн биш юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Явц нь сонгуультай давхцаж таарч байгаа юм. Хэрвээ сонгуулиас хоёр, гурван жилийн өмнө ийм хагарал болсон бол их олон хүн анзаарч, сүйд болохгүй байх. Нөгөөтэйгүүр, нам болон төрийн албанд ажиллаж үзээгүй хүмүүс нэгдсэн. Тэд намыг олон нийтийн байгууллага шиг авч явахыг хүссэн шаардлагууд тавьж байсан.

Харин намын тогтолцоо маш өөр. Энэ байдлаараа өмнөх соёлоосоо ангижирч чадаагүй, олон нийтийн байгууллага шиг явсан нь нэг алдаа болсон. Үүнээс гадна үе үеийг хамруулж чадаагүй. Нэг үеийн, ойролцоо боловсролтой залуучууд нэгдэж, нэгийгээ хүлээн зөвшөөрөөгүй. Тэнд нас намба тогтсон ахмад үеийн төлөөлөл байсан бол магадгүй хагарал бутралыг зогсоож чадах байсан байх. Судалж үзвэл энэ мэт олон асуудал гарна. Одоо би хэтэрхий сэтгэл хөдлөлөөр нэгийгээ үзэн ядах байх биш илүү тунгааж бодох ёстой.

Зураг