Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдийг агаарын бохирдлын өртөлтөөс хамгаалахын тулд маск зүүлгэх шаардлагатай"

ikon.mn
2018 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас утааны эсрэг маск зүүж эрүүл мэндээ хамгаалах аяныг эхлүүлж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/517238468782116/

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн "Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар судалгааг НЭМҮТ болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн байна.

Энэхүү судалгаанаас харахад уушигны хатгалгаа өвчин бага насны хүүхдийн дунд нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. Тийм ч учраас Эрүүл мэндийн яамнаас уушигны хатгалгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэж байна. 

Гэрэл зургийг mpa.mn

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх вакциныг 2016 оноос хойш хийж эхэлсэн ба энэхүү вакциныг 2,4,9 сартай хүүхдүүдэд хийдэг байгаа. Энэ оны гуравдугаар сараас эхлэн нийслэлийн бүх дүүргийн хүүхдийг тус вакцинд хамруулж эхлээд байна. Мөн 2019 онд ч гэсэн улсын хэмжээнд тус ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Хүүхэд багачуудаас гадна зорилтот бүлгийн 115,000 хүнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хийхээр төлөвлөөд байснаас нийт 112,000 хүнийг вакцинд хамруулаад байна.

Мөн нийт 192 цэцэрлэгийн 54,630 хүүхэд болон сайн дурын ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 5,600 иргэдийг энэхүү вакцинд хамрууллаа. Үүнээс гадна уушигны хатгалгааны эсрэг вакцинд 64,000 гаруй хүүхдийг давхардсан тоогоор хамруулаад байна.

Эдгээрээс гадна дархлаажуулалтыг дэмжих зорилгоор A,D витаминаар жирэмсэн эхчүүд, хүүхдүүдийг хангаад байна" гэлээ.

Маскжуулах аяныг өрнүүлсэн дуучин М.Амарсанаа "Урлаг соёлын төлөөлөгч, зарим аж ахуйн нэгжтэй хамтран маск түгээх аяныг өрнүүллээ. Одоогоор бид нийт 1,000 гаруй маскийг цуглуулан цэцэрлэгийн багачуудад тараагаад байна. Энэ удаа хоёр удаагийн шүүлтүүртэй буюу 14 хоног хэрэглэх маскийг багачууддаа тараалаа. Зарим сургууль цэцэрлэгийн эцэг эхчүүд хүүхдүүдээ маскаар хангасан байна. Жишээ нь, Чингэлтэй дүүргийн 173-р цэцэрлэгийн эцэг эхчүүд хамтран бүх хүүхдээ маскаар хангасан байна. Тийм учраас бусад эцэг эхчүүдийг хүүхдээ маскаар хангаж урьдчилан сэргийлэхийг уриалж байна" гэв.

Хүүхдийг агаарын бохирдлын өртөлтөөс хамгаалахын тулд маск зүүлгэх шаардлагатай

Гэрэл зургийг mpa.mn

Хүүхдэд маск зүүлгэхдээ юуг анхаарах вэ:

  • Хүүхдийн нүүрэнд тохирсон маскийг сонгох,
  • Маскийг худалдаж авсны дараагаар хэрэглэх зөвлөгөөтэй сайтар танилцах,
  • Гэрээс гарахын өмнө сайтар битүүмжилж, цэцэрлэгтээ орсны дараагаар маскаа авах,
  • Маскын ариун цэврийн байдлыг сахих. Учир нь эцэг эхчүүд хүүхдийнхээ маскийг аваад кармандаа хийчихдэг. Энэ нь буруу бөгөөд тусгай уутанд хийж хадгалах нь зөв юм. Мөн болвол тогтмол угааж цэвэрлэх, шүүлтүүрийг солих хэрэгтэй.
  • Маскийг дамжуулж хэрэглэж болохгүйг анхаарна уу.

Үүнээс гадна дотоод орчин буюу гэр, ажил, сургууль цэцэрлэгийн орчныг ариутгаж, цэвэршүүлэхийн тулд агаар цэвэршүүлэгчийг ашиглах нь зайлшгүй болоод байна.

Агаар цэвэршүүлэгчийг сонгохдоо "Хепа" болон "Карбон" шүүлтүүртэй цэвэршүүлэгчийг сонгож авахыг зөвлөж байна.

Карбон шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч нь гэр, дотоод орчинд үүсэж буй органик дэгдэмхий, үнэрт нэгдлүүдийг өөртөө шингээж авч байдаг. Харин Хепа шүүлтүүр нь PM 2.5,10 зэрэг тоосонцрыг шүүдэг аж.