Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ариунболд: Гишүүд УИХ-ын чуулганд оролцохгүй байх нь Үндсэн хууль зөрчиж байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Сүүлийн өдрүүдэд төрийн их дээд, хууль тогтоогч байгууллага болох УИХ дунд ажил хаялттай төстэй, УИХ-ын чуулганд оролцохгүй байх явдал ажиглагдаад байна. Тэгвэл энэхүү үйл явц нь Үндсэн хууль зөрчиж байгаа ба үүнтэй холбогдуулан хуульч Б.Ариунболд хуулийн зохицуулалт, заалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хуульч Б.Ариунболд "Үндсэн хуулийн цэц УИХ гишүүд болон төрийн өндөр албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх нь тогтоогдвол эгүүлэн татах хариуцлага ногдуулан ажиллах үүрэгтэй байдаг. Тийм ч учраас чуулганд ирэхгүй байгаа зарим УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчиж буй талаар хуулийн зохицуулалтыг та бүхэнд танилцуулж байна.

  1. Үндсэн хуулийн 25.4“Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно" гэсний дагуу УИХ-ын чуулганы хуралдааны журам нь Дэгийн тухай хуулиар зохицуулагдаж байна. 
  2. Дэгийн тухай хуулийн 4.10 "Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн... хуралдаанд оролцохгүй байх...-ыг хориглоно" гэж заасан байдаг.
Гэтэл одоогоор 40 орчим гишүүн УИХ-ын даргыг огцрохоос нааш чуулганы хуралдаанд оролцохгүй хэмээн мэдэгдэж, УИХ-ын аливаа үйл ажиллагаанд оролцохоос татгалзаад байна.

Үүний улмаас төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа зогсонги байдалд ороод байгаа юм.

Тэгвэл чуулганы хуралдаанд оролцохоос татгалзаад байгаа нэр бүхий эдгээр 40 гишүүн нь 2016 оны долдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.2-т зааснаар "... төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая" хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөсөн байдаг. Гэвч УИХ-ын гишүүд тангарагаасаа няцан Үндсэн хууль, Дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуулийг зохион байгуулалттайгаар зөрчиж байна.

Мөн төрийн албыг 60 тэрбумаар арилжсан асуудал гаргасан гэх УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэх нь эрх зүйт төрийн зарчимд нийцэх юм.

Хэрэв гишүүдийн саналаар УИХ-ын даргыг огцруулах тухай хуулийн хэм хэмжээ байхгүй бол хуулийн төсөл боловсруулах, өргөн барих, батлах замаар УИХ-ын даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг шийдвэрлэж болно.

Иймд төрийн хуулийг дээдлэн биелүүлэх, УИХ-ын гишүүдэд хариуцлага хүлээлгэдэг Үндсэн хуулийн зохицуулалт байдгийг сануулж байна” хэмээн хуульчийн зүгээс өөрийн байр сууриа илэрхийлээд байна.