Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Японы Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзаж хамтарсан мэдэгдэл гаргана

ikon.mn
2018 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад айлчилж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд Японы гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО-ын ерөнхийлөгч Х.Ишигэ бараалхлаа.

Японы олон улсын хамтын ажиллагааны банкны ерөнхийлөгч Тадаши Маэда бараалхлаа.

  • Япон, Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагыг хүлээн авч уулзлаа.
  • Японд Монгол инженерүүд бэлтгэх ажилд өндөр ач холбогдол өгч байгааг талууд тэмдэглэсэн. Монголоос Японд суралцаж байгаа оюутны тоо 2017 оны байдлаар 2,517 байна. Цаашид Хөдөө аж ахуйн чиглэлээр оюутнууд бэлдэнэ.
  • Гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын нэгдсэн мэдээлэл өгөх, бизнесийг нь өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх үүднээс Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрыг Токио хотноо байгуулахаар ажиллаж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.
  • Монгол, Японы худалдаа энэ оны эхний 10 сарын байдлаар 55 хувиар өсч 496 сая долларт хүрээд байна. Чөлөөт худалдааны хэлэлцээрийг одоогоор ганц Япон улстай байгуулаад байгааг үр дүнтэй болгох.
  • Ирэх онд Монгол, Японы хооронд Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоо байгуулсны 45 жилийн ой болно. Энэ хүрээнд Токиод соёлын форум зохион байгуулна.
 
 
 
 
 

Яг одоо Монгол, Японы бизнесийн эрхлэгчдийн форумд Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар оролцож байна. Зээлжих зэрэглэл өссөн, эдийн засаг нь өсөлттэй гээд хөрөнгө оруулагчид гэрэлтэй мэдээлэл ярилцаж байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Япон Улс нь бидний хувьд чухал “гуравдагч хөрш”, улс төр, эдийн засгийн ойр дотно түнш бөгөөд манай хоёр орон “Стратегийн түншлэл”-ийн харилцааг амжилттай хөгжүүлж байна. Манай хоёр орон 13 дугаар зууны тэртээгээс Талын замаар дамжин худалдаа, наймаа хийж байсан эртний түүхтэй түншүүд билээ. Бид дэлхийн гуравдагч эдийн засаг бүхий Япон Улстай гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа энэ ялдамд онцлон тэмдэглэе. 

Энэхүү форумаар дамжуулан бизнес эрхлэгчид Та бүхний нүүр тулан уулзах ажил хэрэгч яриа хэлцэл, цаашдын хэлхээ холбоо нь хоёр орны хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтой билээ. Энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд хоёр орны хоорондох худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхлоо Японы талд илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцаж, санал солилцохоор төлөвлөж байна. 

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувьтай байсан бол 2018 оны 3 дугаар улиралд 6.4 хувьд хүрлээ. “Стандарт энд Пүүрс” зэрэг олон улсын агентлагууд манай улсын зээлжих зэрэглэлийг эерэгээр дүгнэж, “B хасах” төлвөөс “B тогтвортой” болгон нэмэгдүүллээ. Сүүлийн жилүүдэд тулгараад байсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг Монгол Улс амжилттай даван туулж байна. Манай эдийн засгийн тогтворжилтод ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” чухал түлхэц үзүүлсэн. Үүнд Япон улсын дэмжлэг үнэтэй хувь нэмэр оруулсныг энд зориуд цохон тэмдэглэж байна. Дэлхийн банк, Олон улсын валютын сан зэрэг банк санхүүгийн байгууллагууд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ирэх онуудад 6-8 хувьд байна гэсэн таамаглал дэвшүүлж байна. 

 

Эдийн засгийн өсөлтийг дагаад манай гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ ч дорвитой өсөн нэмэгдэж байна. Гадаад худалдааны эргэлт энэ оны эхний 10 сарын байдлаар 10.8 тэрбум ам.долларт хүрч, 24 хувиар өссөн. Үүнээс экспорт 15 хувиар, импорт 38 хувиар тус тус өсчээ.  

2017 оны жилийн эцсийн дүнгээр Монгол-Японы худалдааны эргэлт 378 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 9.8 хувиар өссөн байна. Харин энэ онд худалдааны эргэлт улам өсч, 10 дугаар сарын байдлаар 496 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад даруй 55 хувиар нэмэгджээ. Хоёр орны худалдааны хэмжээ ийнхүү өсөхөд Монгол-Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (ЭЗТХ) зохих хувь нэмэр оруулсан гэж үзэж байна. Хэдийгээр худалдааны эргэлт нэмэгдэж байгаа ч Японы зах зээлд гарах Монголын барааны нэр төрөл, тоо хэмжээ ахиц муутай байгааг дурдах нь зүйтэй. Хоёр талын холбогдох байгууллагууд үүнд анхаарч ажиллах шаардлагатай байна. Мөн бизнес эрхлэгчид Та бүхний ажил хэрэгч, харилцан ашигтай хэлхээ холбоо, хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэдгийг дахин тэмдэглэхийг хүсч байна. Энэ удаагийн бизнес форумын нэг зорилго нь тэрхүү хэлхээ холбоо, цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн тэлэх боломжийг нээхэд оршино.

Бид Японоос ихэвчлэн суудлын тэрэг, уул уурхайн болон бусад төрлийн тоног төхөөрөмж импортолж, харин ноолууран эдлэл, хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон эрдэс түүхий эд экспортолж байна. Бизнес эрхлэгч Та бүхний ажил хэрэгч яриа хэлцэл, идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд хоёр орны хооронд арилжаалагдаж буй бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ нэмэгдэж, худалдаа шинэлэг агуулгаар баяжина гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалан дэмжих, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголтыг сэргээх зэрэг олон арга хэмжээ авч ажилласны үр дүнд Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2017 оноос хурдацтай нэмэгдэж байна. Тухайлбал 2018 оны 3 дугаар улирлын байдлаар гадаадын хөрөнгө оруулалт 1.8 тэрбум ам. долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 орчим хувиар өсчээ. 

Хөрөнгө оруулагчдын гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийг ЗГХЭГ-ын даргаар ахлуулан байгуулсан. Түүнчлэн Засгийн газрын дэргэд гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулж, үйл ажиллагааг нь ирэх оны 1 дүгээр сараас эхлүүлнэ. Энэхүү төв нь Монголд орох гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа Японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Манай улсын хувьд хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэр нь Япон Улс билээ. 1990 оноос өнөөг хүртэлх хугацаанд Япон Улсаас худалдаа, нийтийн хоол болон уул уурхай, банк, санхүү, аялал жуулчлал, барилга, мэдээллийн технологийн салбарт нийт 716 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодит үр нөлөө үзүүлж байна. Цаашид ч бид Японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Засгийн газрын тэргүүний хувьд миний бие энэ асуудалд анхаарал хандуулан ажиллах болно. 

Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөтгөн хөгжүүлэх өргөн боломж бололцоо байгаа гэж би хувьдаа боддог. Үүнийг бодит ажил хэрэг болгоход Та бидний хамтын хүчин чармайлт чухал юм. 

Монгол Улсаас Япон Улсын зах зээлд гаргаж буй экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх, ялангуяа хөнгөн үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн гаралтай, органик хүнсний бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг бид зорьж байна. Түүнчлэн нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд японы хөрөнгө оруулалт, технологийг Монголд нутагшуулахыг бид сонирхож байгаа юм. 

Монголын ЖДҮ-ийг хөгжүүлэхэд Японы дэмжлэг туслалцаа, хамтын ажиллаагаа чухал байна. ЖДҮ-ийг дэмжих хоёр үе шаттай иенийн зээлийн хамтын ажиллагааг хоёр тал амжилттай хэрэгжүүлж ирсэн сайн туршлага бий. Үүнийг үргэлжлүүлэх саналтай байна. 

Хоёр орны хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэх үлэмж нөөц бололцоо бий. Бид аялал жуулчлалын салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг эрмэлзэж байна. Жилдээ 3 сая зорчигчид үйлчлэх боломжтой шинэ нисэх онгоцны буудал удахгүй ашиглалтад орно. Японы хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны үлгэр жишээ төсөл болох энэ буудлыг ашиглаж эхэлснээр шинээр нислэг хүлээж авах чадамж нэмэгдэж, Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит нислэг, ачаа тээвэрлэлт нэмэгдэх, нисэх буудлын орчимд шинээр дагуул хот болон тээвэр ложистикийн төв байгуулах боломж нээгдэх юм. Энэ боломжийг хоёр орны аялал жуулчлалын бизнес эрхлэгчид оновчтой ашиглаасай гэж хүсч байна.  

Мэдээллийн технологийн салбар манай хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаанд шинээр өнгө нэмж буй салбар билээ. Тус салбарыг бидний хоорондын хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэл гэж харж байна. Монголын математикчид, инженерүүдтэй хамтран хиймэл оюун ухааны салбарт үйл ажиллагаа явуулахаар Монголд салбараа нээж буй Дата Артист компаний жишээг энд дурдаж болно.

Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцтэй орон гэдгийг Та бүхэн мэднэ. Бид Зүүн Хойд Азийн Эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах санал, санаачилгыг дэмжин ажиллаж байна. Мөн түүнчлэн Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд бизнес эрхлэх өргөн боломж байгаа гэдгийг энд онцлон хэлье. 

Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд бизнес эрхлэгчид төдийгүй худалдааг дэмжих байгууллагуудын нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Японы гадаад худалдааг дэмжих байгууллага болон бусад бизнесийг дэмжих байгууллагуудын хамтын ажиллагаа цаашид идэвхжин өргөжнө гэдэгт гүнээ итгэлтэй байна" гэв.

Өнөөдөр Ерөнхий сайд У. Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзаж хамтарсан мэдэгдэл гаргана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга мэдээллээ.