Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Нүүрсний экспорт саатсан ч төгрөгийн ханш унасан нь гадаад худалдаа $40 саяын ашигтай гарахад нөлөөлөв

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
Монгол Улс 2018 оны эхний 11 сард 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.9 тэрбум америк долларт хүрчээ. Үүнээс 6.5 тэрбум ам.долларыг экспорт, 5.4 тэрбум ам.долларыг импорт эзэлж байна.

Гадаад худалдааны тэнцэл 2017 оны эхний 11 сард 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарч байсан бол энэ оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 672.6 (37.7%) сая доллараар буурч, 1.1 тэрбум ам.доллар болжээ. 

Өмнөх оны мөн үетэй харьцуулбал, нийт бараа эргэлтийн хэмжээ 2.3 тэрбум доллар буюу 23.6%-иар өссөний 1.5 тэрбум ам.доллар нь импортын өсөлт байна. Харин өмнөх сартай нь харьцуулахад арваннэгдүгээр сард импорт 495.9 сая ам.доллар болж, 126.1 сая доллар буюу бараг 20 хувь буурчээ. Импорт экспортоосоо өндөр байх нь Монгол Улсын төлбөрийн тэнцэл алдагдалтай гарахад нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, валютаар их хэмжээний бараа бүтээгдэхүүн худалдан авч байгааг илэрхийлнэ. 

Тэгвэл Монгол Улсын нийт төлбөрийн тэнцэл 2018 оны эхний есөн сард 475.3 сая америк долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 677.2 сая америк доллараар өссөн болохыг Үндэсний статистикийн хороо өнөөдөр мэдээлсэн. 

 

Экспортын хувьд дийлэнх хувийг нь аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүнүүд хангадаг. Тус салбарын үйлдвэрлэлийн арваннэгдүгээр сарын индексийг харвал өмнөх оны мөн үе болон өмнөх оны эцсээс өссөн байгаа ч өмнөх сараасаа 5.9 хувиар буурсан байгаа юм. Энэ нь БНХАУ нүүрсний импортоо хязгаарлах шийдвэр гаргаснаас үүдэн манай улсын экспорт саатсанаас улбаатай. 

Монгол Улс энэ оны эхний 11 сарын байдлаар 33.8 сая тонн нүүрс экспортлоод байна. Нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 7.9 хувиар өссөн гэсэн үг. Өнгөрсөн жилийн эхний 11 сард нийт 31.3 сая тонн нүүрс урд хөршид гаргаж байжээ. Гэвч БНХАУ нүүрсний импортоо хязгаарласан арваннэгдүгээр сард 2.4 сая тонн нүүрс экпортолсон байна. Энэ тоо 2015 онд 1.3 сая, 2016 онд 3.5 сая, 2017 онд 2.9 сая тонн байжээ. 

Хэдийгээр аж үйлдвэрийн салбарын үзүүлэлт ийнхүү бага зэрэг буурсан ч гадаад худалдаа арваннэгдүгээр сард 40 сая ам.долларын ашигтай гарсанд төгрөгийн ханшийн сулралт нөлөөлсөн байна. Ам.долларын ханш л гэхэд өнгөрсөн арваннэгдүгээр сард төгрөгийн эсрэг 0.7 хувиар чангарч, Монголбанкны нэрлэсэн дундаж ханш 2581.88 болсон. Нөгөө талаар манай улс нэг тонн нүүрсээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 67.7 ам доллараар экспортолж байсан бол энэ онд 77.8 ам.доллараар борлуулсан зэрэг нь нийт гадаад худалдаанд эзлэх үнийн дүн өндөр гарахад нөлөөлжээ. 

Экспорт, импортыг тусад нь авч үзвэл:

Экспорт 2018 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 794.2 сая ам.доллараар өссөн дүнтэй байна. Үүнд

  • Эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.1 тэрбум доллар 
  • Нэхмэл бүтээгдэхүүний экспорт 79.3 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин импорт өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум америк доллараар өсөхөд 

  • Эрдэс бүтээгдэхүүний импорт 301.0 сая ам.доллар буюу дизелийн түлш 128.8 сая ам.доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 365.4 сая ам.доллар
  • Тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 246.3 сая ам.доллар
  • Үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 203.5 сая ам. доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 94.9 хувийг эзэлж байгаа бол импортын 66.8 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Хүснэгт 1. Экспорт, импорт, зарим барааны бүлгээр, сая америк доллараар

 

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо