Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Эмч нар ажлаа хийж байгаад халдлагад өртөж, хүнд доромжлуулах, эрсдэлт нөхцөл бүрдээд байна"

А.Үлэмж, iKon.mn
2018 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Түргэн тусламжийн төвөөс энэ сарын 11-нд дуудлагаар ажил үүргээ гүйцэтгэж явсан эмчийн биед халдаж, гэмтэл учруулсан асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Түргэн Тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд "2018 оны арванхоёрдугаар сарын 11-нд болсон үйл явдлын талаар өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ талаар албан ёсны мэдээлэл өгье.

Дуудлага өгсөн иргэн журмын дагуу 103 утсанд хандсан. Дуудлагыг хүлээн авч, хүлээлтгүйгээр шуурхай эмч томилон явуулсан. Эмч тухайн айлд очин өвчтөнийг үзэх, эмнэлэгт хүлээлгэн өгөх журмыг баримтлан үйлчлүүлэгчийн үзлэгийг хийсэн байна. Ингээд тодорхой шинжилгээнүүд өгөх хэрэгтэй гэж үзэн өвчтөнийг эмнэлэг рүү тээвэрлэх шийдвэр гаргасан. 

Үйлчлүүлэгчийн бичиг баримтыг үзэх гэхэд нөхөр нь согтуу байсан байна. Ингээд бичиг баримтыг нь үзүүлэхгүй гэж эмэгтэй эмчийг хэл амаар доромжилсон байсан. Бичиг баримтыг зөвхөн хаягийг нь харах гэж үздэг, харин хурааж авдаггүй. Гэтэл нөхөр нь эмчийг доромжилж, мөн үйлчлүүлэгчийг авч явахад нь саад хийхийг оролдсон байна. Гэхдээ эмч өөрөө өвчтөнийг хувцаслан авч явсан, бичиг баримтыг үзэж чадаагүй тул Ачтан эмнэлэг рүү хүргэхээр болсон.

Ингээд өвчтөн тээвэрлэх журмын дагуу эмч үйлчлүүлэгчийн хажууд сууж явсан. Замд нь машин хүчтэй мөргөснөөс болж өвчтөн урагшаа унаж машины салоны хэсгийг мөргөх гэж байхад нь эмч гараараа хааж унасан. Үүнээс болж эмчийн гар гэмтсэн. Түргэний машин цааш явах боломжгүй болсон учир замд тааралдсан хувийн машинаар өвчтөнийг "Ачтан" эмнэлэг рүү хүргэж, хүлээлгэн өгч буцаад осол гарсан газраа ирсэн. Энэ үед үйлчлүүлэгчийн ар гэрийн хүн болох согтуу нөхөр нь дахин хэл амаар доромжилж, эмчийн биед хүрэх, цохих, түлхэх үйлдлүүд хийсэн байна. Тухайн үед Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид ирж, хэмжилт хийж байсан учраас эмчийг доромжилсон тэр үйлдлүүдийг нотолно. 

Тиймээс эмч эмнэлгийн ажилтан бид ажлаа хийж байх үедээ согтуу болон бусад эрсдэлт хүмүүсийн халдлагад өртөх эрсдэлтэй болоод байна. Ялангуяа, он гарснаас хойш сүүлийн зургаан сард манай эмч рүү ажлаа хийж байх үед нь дайрах, цохих, зодох хэргүүд гарсан. Энэ хэргүүд одоо бүгд прокурорын хяналтад байгаа. Цаашид ийм муухай жишиг тогтох вий гэсэн үүднээс бид өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийж байна.

Манай эмч нарын 70 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тиймээс одоо дахин ийм явдал болох вий гэдгээс эмч нар айж байна. Эмч нар ажлаа хийж явж байгаад халдлагад өртөж, хүнд доромжлуулж байна. Бид эрсдэлд орох аюултай нөхцөл бүрдээд байна. Иргэд энэ асуудалд анхаарлаа хандуулж, эмч нартай зөв зохистой харилцаж байхыг хүсье" гэв.