Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотод инфляц өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өсжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Ам.долларын ханшийн өсөлт инфляцийг өрдөв-

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 1.8 хувиар өсөж, өмнөх оны эцсээс 7.5 хувь, өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 

Зураг. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс (өмнөх оны 12 дугаар сар =100%), хувь

 
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Инфляц өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсөхөд голлон нөлөөлсөн зүйлсийг

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.6 хувь буюу үүнд согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.3%, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 9.8% 
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.1%
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 11%
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 16% хувь, тэр дундаа цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 23.1%-аар 
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 12.7% өссөн нь нөлөөлсөн гэж үзэж байна. 

Харин өмнөх оны эцэстэй харьцуулахад 7.5% өсөхөд мах, махан бүтээгдэхүүний үнэ 20.7% нэмэгдсэн нь голлох шалтгаан болжээ. 

Улаанбаатар хотын хувьд инфляц өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт. Орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ хамгийн ихээр буюу 23.4%, үүнийг даган тээврийн бүлгийн үнэ 10% өссөн нь инфляцийн өсөлтөд нөлөөлсөн нь ҮСХ-ны тайлангаас харагдаж байна. Үүн дээр хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 8%, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.5 хувиар өссөн нь гол хөшүүрэг болжээ. 

Инфляци өнгөрсөн сараас ийнхүү 1.8%, Улаанбаатар хотод 2.2 хувиар өсөхөд 47.9 хувь буюу 0.8 пункт нь импортоос хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханшийн өсөлт инфляцийн өсөлтийн тал орчим хувьд нөлөөлсөн гэсэн үг.

Улаанбаатар хотын хувьд 2018 оны арваннэгдүгээр сард хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 52.6 хувь буюу 181 бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас өссөн дүнтэй байна. Судалгаанд сонгогдсон зөвхөн хүнсний 100 нэрийн барааны 67 нэрийн барааны үнэ нэмэгджээ.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо